Монголын коксжих нүүрсний экспорт болон үнэ нэмэгдэх төлөвтэй байна

БНХАУ энэ сарын 1-нээс Австралийн нүүрсний импортод хязгаарлалт тавьсан тул тус улсын ган, коксжих нүүрсний үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсний худалдан авалтаа эрчимжүүлэх идэвхтэй алхмууд хийж байна гэж “SXCoal” мэдээллээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр “Ногоон гарц” журам хэрэгжүүлж эхэлсэн нь нүүрсний экспортод ихээхэн дэмжлэг болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1020-1040 юань орчим байгаа ч хил дээрх үнэ цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань руу тээвэрлэх Монголын коксжих нүүрсний хэмжээ эрс өсчээ. Хятадын төрийн өмчит үйлдвэрүүд нийлүүлэлтээ тогтвортой байлгахын тулд тонн тутмын үнийг 30-70 юаниар нэмэгдүүлсэн байна. Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн төлөөлөгчид энэ сард Шивээхүрэн-Сэхэ боомтод зочилсон нь энэ боомтын гарц нэмэгдэх боломж гэж шинжээчид үзэж буй аж.

Гашуунсухайт боомтын Гаалийн газраас мэдээлснээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт аравдугаар сард нэмэгдэж, өдөрт дунджаар 1100 орчим автомашинаар нүүрс тээвэрлэн гаргаж байгаа гэнэ.

Аравдугаар сар гарснаас хойш 18-ны өдөр хүртэлх хугацаанд тус боомтоор нийт 1.38 сая тонн нүүрс экспортлосны 66.8 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 25.2 хувийг “Энержи Ресурс”, найман хувийг “Тавантолгой” ХК гаргасан байна. “Mongolia Energy Corporation” энэ онд Ховдын Булган боомтоор Хөшөөтөөс нийт 450 орчим мянган тонн нүүрс экспортлоод байгаа юм.

Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогчдын нэг “Өсөх зоос” ХХК-иас мэдээлснээр, Австралийн хоригтой холбоотойгоор экспортын хэмжээ, үнэд өөрчлөлт гараагүй байна. Тус компани өдөрт 200 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо үзүүлэлт бөгөөд энэ онд нийт 2.2 сая орчим тонн нүүрс экспортолжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ