Ж.Чинбүрэн:GMP стандарт хангаагүй эмийн үйлдвэрүүдийг зоригтой хаая

2020-10-20

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил хуулийн төслийг “түүхий”, ажлын хэсэг дахин боловсруулж, сайжруулж, яаран хэлэлцэх шаардлагагүй, хойшлуулах нь зүйтэй гэсэн санал гаргав.

Харин УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл уг хуулийн төслийг өнөөдрийнх шиг хойшлуулсаар даруй найман жил өнгөрсөн гэдгийг хэлээд шүүмжилж буй гишүүд хойш нь таталгүй, хамтран ажиллаж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хууль гэдэг амьдралаас ургаж гардаг зүйл болохоос зүгээр цаасан дээрх дүрэм, журам биш. Бид эхлээд юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлооод, тэнд хүрэхийн тулд ямар зүйлийг хуулиараа зохицуулж хийх гэж байгаа вэ гэдэг л асуудал. Тийм учраас бүгд нийлж, хуулийн төсөл дээр ажлуулахаас өөр аргагүй боллоо. Д.Сарангэрэл сайдын хэлсэнчлэн буцааж болохгүй юм байна. Нэгэнт эрүүл мэндийн салбарт реформ хийх гэж байгаа учраас бүгд л энд ажиллая. Монгол Улсын эмийн бодлого нь иргэдээ эмчилдэг, аюулгүй эмээр хангаж чаддаг, санхүүгийн хямралд оруулж, ядууралд оруулдаггүй болгох хэрэгтэй.

Эмийн үйлдвэрээ зөв бодлогоор дэмжих хэрэгтэй. Маш олон үйлдвэрүүд байх боловч GMP стандарт хангаагүй үйлдвэр нь ч олон. Стандарт хангаагүй эмийн үйлдвэрүүдийг зоригтой хаая. Энэ бол ард иргэдийн төлөө болохоос биш аль нэг компанийн төлөө байх ёсгүй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ