• УИХ дахь АН-ын бүлэг: 2021 оны төсвийн зарлагаа эргэн харах ёстой

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ярилцсан гол асуудлаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

    Д.Ганбат “Бүлгийн хурлаар 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгой, Албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

    Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны төслийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзлээ.

    Сангийн яам ажлаа хариуцлагагүй хийж байна. АН-ын бүлгийн гишүүдэд хуулийн төслүүдийн талаар танилцуулга мэдээлэл өгөх ёстой байсан. Гэвч ирж хийсэнгүй. Засгийн газар, зохих байгууллагад нь хандана.

    Манай намын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн зарлагаа эргэн харах ёстой гэж үзэж байна. 2020 оны төсөв 12.8 тэрбум байсан бол 2021 онд төсөвт 14 их наядын төсвийн зарлага байхаар оруулж ирсэн нь дөрвөн жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгдсэн байна. Сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь асуудал дагуулж байна.

    2021 оны төсвийн алдагдал 2.1, 2022 онд 1.6, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь 2020-2023 оны хооронд төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

    Засгийн газрын өр 7.8 тэрбумд хүрсэн. Одоо төсвийн алдагдлыг өр хэлбэрээр үлдээж нэмэхгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Халамжийн бодлого хэт хавтгайрч хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Мэргэжлийн байгууллагуудын хүрээнд зөв шийдвэрлэхгүй бол ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болоод байна.

    2021 оны төсөвт хүүхдийн мөнгийг ирэх зургаан сар хүртэл өгөхөөр тусгасан байна. Яагаад бүтэн жилээр нь тусгаж болдоггүй юм бэ. Хэрэгцээ нь дуусахаар харьцаа нь дуусдаг байж болохгүй. Сонгуулийн жил, ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгө эргээд 20 мянга руу шилжих бололтой юм” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ