• “Ямар ч шаардлагагүй хирнээ албаны машин унадаг 238 албан тушаалтан бий”

    2020-10-16

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд санал хэлж, асуулт асуув.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Засгийн газар өмнө нь салангид байсан 500 гаруй бодлогын баримт бичгийг нэгтгэж, Монгол Улсын хөгжлийн загвар тодорхой болсон гэж ойлгож байгаа. Эдийн засгийг идэвхижүүлэх, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг 21 томоохон зорилтыг тавьсан.

    Төсвийг хумих биш бололцооны хэмжээгээр тэлэх бодлогыг барина гэж байна. Төсөвт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт суусан. Энэ хөрөнгө оруулалтыг бодитой, юм болгож авах хэрэгтэй. Харин дарга, сайд нарын өрөө, тавилга, эд хогшил, машин, томилолт зэрэгт зарцуулагдаж таарахгүй.

    Энэ мэтийн урсгал зардлыг дахин 20-30 хувиар танах боломжтой гэж харж байна. Суудлын автомашин унах эрхтэй албан тушаалтнуудын тоог цөөлөх хэрэгтэй.

    2016 оны байдлаар машин унах шаардлагагүй 238 албан тушаалтны асуудал яригдаж байсан. Яам, тамгын томоохон объектуудыг зарж, багасгах бодлогыг баримтлах саналыг дэвшүүлж байна. Эдийн засгийн амаргүй нөхцөлд аль болох хэмнэх бодлогыг барих саналтай байна” хэмээн ярьлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ