• Д.Сумъяабазар: Эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, ажлын туршлагатай хүнийг Хотын даргаар томилно

    Нийслэлийн МАН-аас мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулсан. Энэ дүнг бид бас албан ёсоор танилцуулж байна. НИТХ-ын 45 суудлын 34, 21 аймгийн 13 аймаг, 185 суманд МАН-аас нэр дэвшигчид урьдчилсан байдлаар ялалт байгуулаад байна.

    Бүтэн итгэл хүлээлгэсэн иргэд сонгогчдодоо мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна. Цаашид ялагдсан найман аймаг, 140 гаруй сум, нийслэлийн нэг дүүргийн шат шатны намын байгууллагад шинэчлэл өөрчлөлт хийх замаар иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана” гэв.

    Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Орон нутгийн сонгуульд МАН-д итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. МАН-ын мөрийн хөтөлбөр цаашдаа бүх шатандаа хэрэгжих ёстой гэж ажил хийх боломжоор хангаж өгч буйд баярлаж байна. Итгэлийг бүтээн байгуулалтаар хариулах болно.  МАН-аас 45 суудлаас 34 суудлыг баталгаажуулсандаа баяртай байна. Намын ажил, Засгийн ажил бүх шатандаа сайтар явагдах болно. Амжилтдаа халуураад байхгүй ажилдаа шуурхай орно гэдгээ хэлмээр байна. Эдийн засгийг сайжруулах, чадавхжуулах, солонгоруулахад хичээж ажиллах болно” гэлээ.

    -УИХ-ын сонгуульд амжилт үзүүлсэн аймгууддаа хэдхэн сарын дараа буюу орон нутгийн сонгуульд ялагдал хүлээлээ. Үүнд юу гэж хэлэх вэ? 

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Парламентын сонгуулиас хойшхи дөрөвхөн сарын дараа тодорхой үр дүнгүүд гарч байна. Өмнөх сонгуулиар МАН 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан. Үүнийг:

    Нэгдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа.

    Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа.

    Гуравдугаарт, Орон нутгийн намын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.  Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно”.

    -Хотын шинэ даргыг хэзээ томилох вэ. Ямар шалгуураар Хотын даргыг сонгох вэ? 

    Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Тэргүүлэгчид чуулганаа хуралдуулна. МАН-ын бүлгээр хэлэлцэнэ гэх мэт үйл явц өрнөнө. МАН-ын даргын зүгээс тавьж буй суурь шалгуур болох эх орон, хотын хөгжлийн төлөө ажиллах сэтгэл зүтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, ажлын дадлага туршлагатай байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж чадах, багаар ажиллах чадварыг суурь шалгуур болгоно. Үндсэн гурван шалгуурыг хангасан хүнийг нээлттэй зарлах болно. Бид богино хугацаанд ажилдаа шуурхайлан орох болно” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ