• Ц.Элбэгдорж Н.Энхбаярын намд саналаа өгсөн парадокс

    2020-10-15

    Монголд  улстөрийн намуудын дампуурал дээд цэгтээ хүрч, ёстой л жонхуу болсон нь  энэ удаагийн орон нутгийн сонгуулиар тов тодорхой харагдлаа. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, нэг эвсэл оролцов. Эрх баригч  МАН дангаараа, АН,МАХН, ШИНЭ намууд нэг эвсэл болж, сөрөг хүчний орон зайг нөхөхөөр хүчтэй орж ирж буй ХҮН (Хөдөлмөрийн үндэсний нам) дангаараа оролцов.  Бусад нь Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Дэлхийн монголчууд нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс гэх мэт сураггүй намууд “сураггүй “ оролцов.

    УИХ-д хоёр дахь  удаагаа ялсан МАН-ын хувьд өмнө дэвшүүлсэн “Хүчээ нэгтгэе” уриатай энэ сонгуульд оролцож, парламент, Засгийн газар, орон нутаг нэг баг болж ажиллавал улс орон хөгжинө хэмээх месэжийг түлхүү цацлаа.

    Харин сөрөг хүчний эвсэл гэгдэх АН,МАХН, ШИНЭ эвслийн хувьд төрд хяналт хэрэгтэй гэх агуулгыг сонгогчдын тархинд суулгах гэж хичээн, үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ч байдаг хүчээрээ дэмжлэг үзүүлэв. Х.Баттулга эхлээд шүүхийн шийдвэрээр ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэж үзсэн. Гэвч хараат бус шүүхийн асуудал хүчтэй хөндөгдсөнөөр ХҮН сонгуульд оролцсон.

    Хамгийн сүүлд сонгуулийн сурталчилгаа дууссан байхад буюу санал хураахын өмнөх орой ТВ-ээр “Ардчилалд сөрөг хүчин хэрэгтэй” гэх агуулгатай үгсийг давтан давтан ярьж, Ерөнхийлөгчийн байр сууриараа сонгуулийн дүнд нөлөөлөхийн оролдов. Ингэж  Ерөнхийлөгч Х.Баттулга АН, МАХН, ШИНЭ-ийн эвслийг ялуулахын тулд хамаг хүчээ зарж байгаа нь мэдээж ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.

    Түүний халаасанд бүрмөсөн орж ирсэн Ардчилсан нам гэх нэр, түүний төлөө эцсийн хүчээ шавхаад ямар нэг ашиг хонжоо олох гэсэн Н.Энхбаярын МАХН, угаасаа түүний захиалгаар байгуулагдсан Ж.Батзандангийн ШИНЭ-ийн эвсэл орон нутагт ялчихвал  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жинхэнэ найдвартай хөл, гар болох учраас тэр. Баруун, зүүний үзэл баримтлал ярихаа больё, зүгээр л Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Н.Алтанхуяг нар дарга нь байсан, Монголын хоёр том намын нэгд бодитой байж ирсэн Ардчилсан нам  Намбарын Энхбаярын МАХН-тай, намаас нь нам тасалж хүчгүйдүүлсэн Ж.Батзандангийн ШИНЭ гэх цоо шинэ наманцартай нэг зиндаанд очтолоо доош орж, нэг хөнжилд орж,улмаар Х.Баттулгын дэмжлэгээр сөрөг хүчний дүрд тоглож буй нь  эмгэнэл юм.

    АН-ын дарга асан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү аавынхаа намаас нийслэлд нэр дэвшсэн болохоор Х.Баттулгыг дэмжихгүй ч  хүүгээ дэмжихээс яахав. Санал хураалтын өглөө твийтэртээ “Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз” хэмээн жиргэжээ. Харин түүнийг “Ц.Элбэгдорж Н.Энхбаярын намд саналаа өгсөн парадокс” хэмээн хүмүүс шоолж байна.

    Үнэндээ бол шоолох явдал биш,эмгэнэлт хэрэг юм. Уг нь Монголын ардчиллын баталгаа бол зөв гольдрилоор хөгжиж  буй улстөрийн олон нам бөгөөд харамсалтай нь энэ гольдрил нэгэнт алдагджээ. Олон намын хөгжлийн жам ёсны гольдрил алдагдаад зогсохгүй учир нь үл ойлгогдох жонхуу болсныг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар тов тодорхой харагдлаа.

    gereg.mn тоймч Г.Сартуул 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Энэ Дэлгэрмаа гэх хуурамч нэртэй зулуугийн зураг тавьсан эмэгтэйг шалгах хэрэгтэй. Хүний өгсөн санал харж мэдэж байсан юм уу. Тэнэг сэтгүүлч . ХҮН намынхан гадны туршуулд мунхарсан этгээдүүд . Чи ч тэдний л нэг биз ээ. 

    Холбоотой мэдээ