Шөнийн цагаар сагс тоглож байсан залуусыг Зөрчлийн хуулиар торгоно

Шөнийн цагаар сагс тоглож байгаад баривчлагдаж буй залуусын бичлэг цахим орчинд тархаад буй. Тэгвэл тухайн залууст Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлжээ.

Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог, 50 дугаар сургуулийн урд байрлах тоглоомын талбайд шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Улмаар дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, “Зөрчлийн хуулийн дагуу 22:00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй, одоо тар” гэж шаардлага тавихад хүлээж аваагүй гэв.

Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс тухайн эсэргүүцэл үзүүлсэн залуусыг баривчилжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn