• Ипотекийн зээлийг 6 хувь болгоход мөнгөний эх үүсвэр хүрэлцэх үү

    2020-10-12

     Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгохоор ажиллаж  байгаа талаар Монголбанкнаас мэдээлсэн. БХБЯ-наас боломжтой эсэх судалгааг ч хийж, намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт үүсээд байна.

    Өмнө нь найман хувийн зээл авсан иргэд  зээлээ зургаан хувь болж бууруулах боломжтой гэж ойлгож байгаа. Тэгвэл  албаныхны өгч байгаа мэдээллээс харахад энэ нь боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, шинээр орон сууц худалдаж авах иргэдэд зургаан хувийн орон сууцны зээл үйлчлэнэ гэсэн үг.

    Найман хувийн зээлтэй иргэдийг 6 хувь  руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.  Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй гэж албаныхан хэлж байна.

    Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд   байгаа орон сууцны найман хувийн зээлийг зургаан хувь болгох боломжтой юу. Энэ  талаар хэн юу хэлснийг тоймлон хүргэе.

    Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

    -Монголбанк аль зардлыг хэмнэвэл  8 хувийг 6 болгох боломжтой вэ гэдэг судалгааг ч хийж, 6 хувь болгох боломжтой гэсэн тооцоолол гарсан. Тиймээс 8 хувийг 6 болгохоор бараг шийдэж байна. 6 хувийн хөтөлбөр гарахаар шинээр зээл авч байгаа зээлдэгчдэд л хамаатай.  Хуучин 8 хувийн  зээлийг 6 хувь руу оруулах боломж байгаа эсэх талаас нь бид судалгаа хийгээгүй. Одоо өгч байгаа 8 хувийн зээлийг 6 болгох болгох боломжтой юу гэдгийг судалсан. Шинээр ипотекийн зээл авах гэж байгаа хүмүүс 6 хувийн хүүтэй зээл авах боломжтой гэж тооцсон.

    Эдийн засагч Ч.Хашчулуун:

    -Сонсоход их том шийдвэр, ажил юм шиг санагдах байх. Яг эдийн засгийн талаас нь харвал цөөхөн хүнд л зээл очно.  Дээр үед таван хувийн зээл хүртэл гаргаж л байсан. Маш цөөхөн хүнд өгөөд л дуусчихсан. Ерөнхийдөө түүнтэй адил л үйл ажиллагаа болох байх. Зургаан хувь гэхээр хүн бүрийн толгойд 8 хувиа бууруулах гэдэг бодол л орж ирнэ.  Гэтэл тийм их мөнгөний эх үүсвэр ч байхгүй.

    Шадар сайд Я.Содбилэг:

    -Засгийн газар 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба ипотекийн зээлийн хүүг  8 хувиас  6 хувь  болгохоор судалж байна.  Ипотекийн зээлийн хүүг 6 хувь  болгох асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна.

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:

    -Монголбанкны хувьд цар тахлын эсрэг хууль болоод тогтоолын дагуу ажлын байраа хадгалахын тулд хөтөлбөрийг үргэлжлүүлж, санхүүжилтийг нь гарга гэсэн даалгавар авсан. Тавдугаар сарын 1-нээс хойш 147 тэрбум төгрөг Монголбанкнаас гарсан. Үүнтэй тэнцүү хэмжээний мөнгө арилжааны банкуудаас гарсан. Өөрөөр хэлбэл, 300 орчим тэрбум төгрөгөөр иргэдэд зээл олгоод явж байна. Зээлийн хүүг 6 хувь  болгох асуудлаар өнөөдөр, маргаашгүй Барилга, хот байгуулалтын яам, арилжааны банкуудтай гуравласан гэрээ байгуулах гэж байна.

    Үүний хүрээнд Монголбанк 50 хувийг, арилжааны банкууд 50 хувийн санхүүжилтийг гаргаад явна.

    Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд:

    Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдал, банкны шалгуураа хангаад орон сууцаа авчихсан хүмүүс. 8 хувийн зээлтэй иргэдийг 6 хувь  руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.  Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй.

    8 хувийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6 хувь руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6,000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

    Орон сууцны зээл шинээр авахад 6 хувийн хүүтэй зээл олгоно. Харин 8 хувийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6 хувийн  хүүтэй зээл авах боломж нь нээлттэй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ