Хүчирхийллийн дуудлага өгөөгүй иргэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно

2020-10-09

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөллүүд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бусад холбогдох албаны хүмүүс хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийллийн үндэс суурийг зөв тодорхойлох, баривчлах бус зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн ажлуудынхаа талаар танилцуулав.

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад бодит кейс бүхий гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг орж эхэлжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны аравдугаар сараас эхлэн туршилтаар ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг туршилтын байдлаар оруулж эхэлжээ. Цаашдаа

  • 2021 оны нэгдүгээр сараас ЕБС-ийн бүх сургуулийн ахлах ангиудад
  • 2022 оноос эхлэн хичээлийн хөтөлбөрийг дунд анги руу чиглэсэн болгож өөрчлөхөөр төлөвлөөд байна.

Хичээлийн хөтөлбөрт яаж бусдын эрхийг зөрчихгүй байх, зөрчвөл ямар хариуцлага хүлээх, гэмт хэрэг үйлдэх сэдэл хаанаас үүсдэг, гэр бүл юунаас болж салдаг зэрэг маш тодорхой зүйлс багтжээ.

Хүүхдүүдээ хамгийн эхлээд хүн болгох чиглэлд нь анхаарах ёстой гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар онцолж байлаа.

Халамжийн айлууд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээс илүү орлоготой байна

Гэр бүлийн хүчирхийллийн 41 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Архидан, согтуурлын ард ажилгүйдэл байгаа учраас халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэх төрийн бодлого хэрэгжих ёстой юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр өрхийн гишүүд огт ажил хийдэггүй, халамжид байдаг нэг өрх  1.2 сая төгрөгийн халамж авч байна. Гэтэл шударгаар ажил хийж байгаа хоёр хүн нэг сая төгрөгийн орлого олж байгаа юм.

Хамтарсан багуудын санхүүгийн чадамжийг нэмэгдүүлнэ

Мөн тэрбээр энэ үеэрээ өөрийн сайдын багцад хуваарилагдаж буй энэ чиглэлийн төсвийг үлгэр жишээ болж орон нутаг руу нь хамтарсан багууд руу нь хуваарилахаа мэдэгдсэн юм.

Архи үйлдвэрлэгчдэд нийгмийн хариуцлагын хүрээнд татвар ногдуулдаг болно

Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд нийгмийн хариуцлагын хүрээнд татвар ногдуулна.

  • Үйлдвэрлэж буй архины градус нь 37 ба түүнээс дээш бол нэг литр тутамд 1000 төгрөг
  • 37 градусаас бага боловч 30-аас дээш бол нэг литр тутамд 500 төгрөг гэх мэт татвар ногдуулах юм.

Градусыг нь татварын өдөөлтөөр бууруулах зорилготой аж.

Түүнээс цугларсан татварын мөнгийг улсын хэмжээнд архинд донтсон 10 мянган хүнийг эмчилж, гэр бүлд нь хүлээлгэж өгөхөд зарцуулах юм.

Иргэний журамт үүргээ биелүүлж, гэмт хэргийг мэдээлээгүй бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болгоно

Хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангид байсан үл мэдээлэх, нуун дарагдуулах заалтыг оруулж ирэх нь зөв гэв.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Надад хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хүн болгон гэмт хэргийн талаар заавал мэдээлэх үүрэгтэй. Мэдээлээгүй бол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно гэдгийг оруулж ирмээр байна.

Баянзүрх дүүрэгт нас барсан есөн настай охины гэр бүл өмнө нь нийтийн байранд амьдарч байсан. Нийтийн байрныхан бүгдээрээ нөхөр нь эхнэр, хүүхдээ зоддогийг мэддэг байсан боловч өмнө нь хэлж байгаагүй. Тухайн үед нь дуудлага өгч, хөнгөн гэмтэл учруулсан гэдгээр ял оногдуулсан бол тэр охин амьд байх байсан” хэмээн ярьсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хүү минь юу л яриад байна даа.Хажуугийн айл нь мэдээд дуудлага өгхөд цагдаа ирэхээр тэд юу ч болоогүй юм шиг болж нуудаг юм Түүнд нь дуудлага өгсөн хүнд худлаа дуудлага өглөө гэж  хариуцлага хүлээлгэнэ ч гэх шиг бүтэшгүй юм ярихаа болиоч ээ.Амьдарлтай юм яриач дээ. Мэдэхгүй бол дугуй л бай даа. Мэддэгийн дүрд тоглож өөрийнхөө мэдлэг чадваргүйг өөрөө илчилж тэнэгтээд яанав

Холбоотой мэдээ