• Дал,наяад оны цай,бяслагны сурталчилгаа

    -Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулан бэлтгэв-

    XX зуунд монгол хүний хоол,цайны хэрэглээнд ихээхэн дэвшил гарсан нь ойлгомжтой. Тэгвэл зарим хүнсний бүтээгдэхүүн, цай зэргийг “Үнэн” сонинд сурталчилж байжээ. Өөрөөр хэлбэл, орчин үед бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулдаг сурталчилгааны арга хэлбэрийг социализмын үеийн  “Үнэн” сонинд нутагшуулсан байна. Үүнийг илтгэх хоёр материалыг   энэ удаа хүргэж байна. Грузин ногоон цай, хонины сүүгээр хийсэн “Брызна” бяслагны тухай тэмдэглэл, мэдээлэл Таны сонирхлыг татах буй за.

    Грузин ногоон цайны тухай “Цайны оронд” тэмдэглэлд “Аж төрлийн хувьд монгол хүний нэг онцлог гэвэл цайсаг чанар нь юм. Өглөөнөөс аваад үдэш болтол данх домбоноос салдаггүй монголчууд, хөгшин залуу, хөрвө нялх ялгалгүй Зөвлөлт Грузийн ард түмнийг сайн танина. Учир нь юу гэвэл грузи хүний гараар ургуулж, хурааж боловсруулсан анхилам үнэрт амтат сайхан цай нь зуны халуунд монгол хүний амны цангааг гаргаж, өвлийн тэсхим хүйтэнд тэднийг дулаацуулж байдаг” гэжээ. Мөн грузин цай нь Хятад цайнаас хамаагүй дээр гэсэн агуулгыг ч өгсөн байна.

    Харин хонины сүүгээр хийсэн “Брызна” бяслагийг    кальцийн нэгдэл, С, Д витаминаар баялаг учир бага насны хүүхдэд   ашигтай,    удаан хугацаанд хадгалахад муудахгүй гэх зэргээр рекламджээ.

     ЦАЙНЫ ОРОНД 

    (Тэмдэглэл)

    Гучаад оны үед манай өвгөчүүл Зөвлөлтөөс худалдан авдаг дүнсэн тамхи, грузи шахмал цайг их голох маягтай байсныг бүүр түүрхэн санаж байна. Хуучцуул дүнсийг “тамхи гэхэд тамхи биш, утаа нь хүртэл этгээд” гэлцдэг байж билээ. Мөн грузи цайг “буцлаад идээшдэггүй дан шилбэ” гэх мэтээр голно.

    Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд  ялангуяа гитлерийн Германы эсрэг Зөвлөлтийн ард түмнээс хийсэн аугаа их эх орны дайны хүнд хэцүү үед Зөвлөлтийн цай, тамхины тухай манай ардуудад арай өөр бодол төрсөн байх. Дайны үед манайд хэрэгцээний хэрээр цай тамхи нийлүүлэх бололцоо Көвлөлтөд хараахан байгаагүй нь мэдээж. Иймээс ардууд цай, тамхи голох нь бүү хэл горь тасрах дөхөж байв.

    Манай нутгийнхан цай, тамхийг яаж аргацааж байсныг дурдъя. Манай нутаг гэдэг бол Төв аймгийн Сэргэлэн сум. Тэр үед төв нь Улаанбаатар хотоос жараад км-ийн зайд одоогоор бол Дундговь, Өмнөговийн машин замын хажууд Зосын давааны ард байгаа Ганц худаг гэдэг газар. Зун цаг хүүхэд багачуул хүүдий шуудай ганзагалаад ууланд гарч мягмансанж гэдэг ургамлын навч түүж, түүнийг бужгар цай гэж нэрлэдэг байв. Түүсэн навчаа ногооноор нь эсгийд боож халаагаад өнгий нь борлосны дараа хатаан цайны оронд хэрэглэнэ. Бас  ч бузгай үнэртэй яггүй аагтай цай болсон байсан даг. Юутай ч атугай бужгар цай уугаад хордож гэнээ гэж дуулдаагүй санагдана. Өвөлд нь хүүхдүүд уулын жалга судгийг даган явж, гишүүний навч зэргийг түүнэ. Гишүүний навчийг  бусад аахар шаахар үнэртэн өвс тэргүүтэнтэй холиод манай нагац ах Аюурзанын Амар агсан тамхины оронд татдаг байж билээ. Нэгэн өдөр зургаан мөртэй хоёр хусан тэргээрээ бяцхан хүүдийтэй навчийг тамхи гэж худалдан авч байсныг одоо бодоход инээдэмтэй.

    Монголын өөр аймаг суманд ч иймэрхүү өвс ургамал хэрэглэх явдал байсныг би хожим таних нөхдөөс сонсож мэдсэн юм. Дашрамд хэлэхэд, дайн дажны уршиг ийм өчүүхэн зүйлд хүртэл мэдэгдэж байсныг нэхэн санахад илүүдэхгүй бөгөөд өнөөгийн бид бүхний элбэг дэлбэг аж амьдрал бол хорин зургаан жилийн тэртээ Зөвлөлтийн ард түмний байгуулсан алдарт ялалттай холбоотойг бид мартаагүй. Хал үзэж хашир суухын адил харьцуулан жишиж байж аливаа юмны чанар чансаа, сайн мууг таних ёс бий. Дайны дараа дэлхий нийтийн байдал өөр болж, олон оронд ардын эрхт засаг төр тогтсоны ачаар манай орны улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засгийн гадаад харилцаа холбоо өргөжиж, тухайлбал цай, тамхийг бид зөвхөн Зөвлөлтөөс төдийгүй мөн өөр бусад орноос худалдан авдаг болов. Чухамдаа грузи цай, ногоон дүнс ямаршуу чанартай эд болохыг энэ үед л ардууд сайтар таньж мэдсэн.

    1961 оны зун юмсан. Бид авга ах Аюурзанын Амарынд очив. Тэр хавар тэднийхийг өмнө зүгээс ирсэн цайг хунзаар нь авчээ гэж манай нэг ах хэлээд “дуусчихаж магадгүй гэж хашир хүн болгоомжилж байгаа байлгүй” гэж хошигносон юм. Гэтэл бидний очиход авга ах Амарынх авдар дороо хөндийлж цай ивсэн харагдав.

    Танайх авдар дороо чулуу ивэхгүй юунд цай гарздаж байгаа юм бэ?

    -Цай л гэдэг байгаа даа, амт ч үгүй, үнэр ч үгүй идээших ч үгүй ёстой л нэг шахсан өвс юм.

    -Та нар урьд энэ грузи цай огт дэмий. Харин нэгэн удаа ч боловч өмнө зүгийн халуун орны цай амтлаад үхэх юмсан гэж үглэж байсан биз дээ. Тэгээд одоо болохоор юунд амтлахын оронд авдар саван дор ивж чулуу модны төдийд ч бодохгүй байгаа юм бэ гэж ам асууж байснаа Грузид Зөвлөлт засаг тогтсоны тавин жилийн баяр ёслолын үеэр Тбилиси хотод очоод цайны үйлдвэрээр орж янз бүрийн цай боловсруулж байхыг сонирхох зуураа нэхэн саналаа.

    БНМАУ-Зөвлөлт Грузийн ард түмэнтэй ах дүүгийн бат зузаан барилдлагатай, манай хоёр ард түмний өнгөрсөн, одоо, ирээдүйд адил төсөөтэй зүйл олон байна. Октябрийн гэрэл туяагаар нойрноос сэрсэн Монгол, Грузийн ард түмэн хагас зуун жилийн өмнө улс орондоо нэг нь Зөвлөлт, нөгөө нь түүнтэй төрөл нэг ардын засаг төрийг үүсгэн байгуулсан юм.

    Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Грузи Улс, ардын засагт Монгол Улс хоёрын аль алины нь хөгжил цэцэглэлтийн гол хөшүүрэг бол манай эрин үеийн хувьсгалт өөрчлөлтийн хүчирхэг түшиг тулгуур, ноён нуруу болсон Оросын ард түмний улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засгийн интернационалч тусламж, тал бүрийн дэмжлэг байсаар ирсэн байсаар ч байна. Аж төрлийн хувьд монгол хүний нэг онцлог гэвэл цайсаг чанар нь юм. Өглөөнөөс аваад үдэш болтол данх домбоноос салдаггүй монголчууд, хөгшин залуу, хөрөв нялх ялгалгүй Зөвлөлт Грузийн ард түмнийг сайн танина.

    Учир нь юу гэвэл грузи хүний гараар ургуулж, хурааж боловсруулсан анхилам үнэрт амтат сайхан цай нь зуны халуунд монгол хүний амны цангааг гаргаж, өвлийн тэсхим хүйтэнд тэднийг дулаацуулж байдаг билээ.

    Зөвлөлтийн ард түмний чин сэтгэлийн хайр халамж, анхаарлаар хагас зуун жилийн турш ивээгдсэн монголчууд Зөвлөлт Холбоот Улсын олон үндэстэн ястны төлөөлөгчидтэй мянга мянган өлзийт сайн учралаар холбоотой билээ.

    Биднийг Тбилиси хотод очсон өдөр Зөвлөлт Грузийн сайд нарын зөвлөлийн орлогч дарга Виктория Сиралзе гэдэг эмэгтэй хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр би Зөвлөлт Грузи Улс Монголд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн ямар ямар бүтээгдэхүүн нийлүүлдэг тухай асуусан юм. Одоо үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Грузи улс БНМАУ-д цахилгаан галт тэрэгний хурдны хэмжүүр, цаг уурын шинжилгээний багаж хэрэгсэл, цахилгаан хөдөлгүүр, эмийн үйл, худгаас ус татах хөөрцөг, “Зил” машины сэлбэг, дарсны зүйл, “Боржоми” рашаан, цай зэргийг нийлүүлж байна. Тбилиси хотын цайны үйлдвэрт боловсруулсан цай Монголд очдог. Энэ үйлдвэрийн орлогч дарга Иосиф Георгиевич Чигогидзе үйлдвэрийнхээ ажиллагаатай танилцуулсны дараа надаар дамжуулж, Ардын хувьсгалынхаа алдарт 50 жилийн ойг ёслон тэмдэглэх гэж байгаа ах дүү Монголын ард түмэнд нарлаг грузи нутгийн халуун дотно мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэнийг уншигч түмэндээ уламжлав.

    Д.СҮРЭНЖАВ (Москва.“Үнэн” сонины сурвалжлагч)

    1971.5.27-ны “Үнэн” сонин. Дугаар 127

    ЗӨӨЛӨН БЯСЛАГ “БРЫНЗА”

    Хонины сүүгээр олон нэрийн цагаан идээ үйлдвэрлэдэг малчдын уламжлалт аргын зэрэгцээ сүүлийн үед шинэ төрөл хүч нэмэгдэж байна. Түүний нэг нь давсалсан зөөлөн бяслаг юм. Одоо бог мал сааж сүү цагаан идээ бэлтгэх ид үе учраас ийм бүтээгдэхүүн хийж хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлэх боломж аль ч аймаг, суманд байна.

    Олон улсын байгууллагын гаргасан мэдээгээр 1980-аад оны эхээр дэлхийд үйлдвэрлэж байгаа хонины сүү 1970-аад оныхоос ихээхэн нэмэгджээ.

    Ази, Европ тивийн орнууд түүний дөч гаруй хувийг үйлдвэрлэж байна. Хонины сүүгээр давсалсан зөөлөн бяслаг “Брызна” үйлдвэрлэж хүнсэнд ашиглах ажил ЗХУ-д эрт эхэлжээ. ЗХУ-д “Брынза трест” гэдэг Бүх холбоотын удирдах газрыг байгуулсан бөгөөд жил тутам арав гаруй мянган тонн “Брынза” үйлдвэрлэж экспортолж байна. Манайд хонины сүүгээр давсалсан зөөлөн бяслаг үйлдвэрлэж хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх ажил 1983 оноос эхэлсэн юм. Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг”, Төв аймгийн Өндөрширээт сумын “Хөгжил”, Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдэлд “Брызна” үйлдвэрлэж хөдөлмөрчдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн нь тэдний эрэлт шаардлагад нийцэж байна.

    Хонины сүүгээр боловсруулсан “Брызна” нь уураг, тослог, кальцийн нэгдлээр баялаг, хуурай бодис нь үнээний сүүнийхээс  1.5 дахин илүү байдаг. Тэр нь 48-50 хувийн тослогтой уурагт бүтээгдэхүүн билээ. Боловсруулалтын явцад кальцийн нэгдэл, С, Д витаминаар баялаг учир бага насны хүүхдэд бүр ч ашигтай юм. Хонины сүүгээр хийсэн “Брызна” нь бусад малын сүүнийхтэй харьцуулахад ходоодны ферментийн нөлөөнд хамгийн удаан задардаг онцлогтой учир хүнсэнд бага хэмжээгээр тогтмол хэрэглэхэд зохимжтой. Нөгөө талаар удаан хугацаанд хадгалахад муудахгүй.

    “Брызна”-г хүнсэнд дангаар нь буюу нимгэн зүсч талх, сонгино, өргөст хэмх, улаан лоольтой хачирлан зууш байдлаар хэрэглэхэд бүр ч тохиромжтой. Түүнийг давсны уусмал дотор сэрүүн газар удаан хугацаагаар хадгалахад чанараа алдахгүй. Гэрийн нөхцөлд 18-22 хувийн давсны уусмалд сэрүүн газар хадгалж болно.

    С.НЯМСҮРЭН “Үнэн” сонин.1985.6.26.Дугаар  153

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ