• С.Чулуун:Телевизийн хөтөлбөрийн 50 хүртэлх хувь нь ҮНДЭСНИЙ контент байна

    2020-10-08

    Өнөөдрийн/2020.10.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

    Гишүүдийн зүгээс гадны контентийг хэрхэн хязгаарлах, мөн үндэсний онцлог шингэсэн контентуудыг хэрхэн дэмжих талаар тодруулж байв.

    Соёлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д телевизийн хөтөлбөрийн 50 хүртэлх хувь нь заавал үндэсний контент байхаар заасан байдаг байна.

    Мөн оргил цагийн үеэр гадных биш үндэсний контент байлгахыг чухалчилж байгаа гэв.

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хуулийн төслийг дэмжиж байна.

    Телевизээр явж байгаа киноны асуудлыг анхаарах хэрэгтэй. Залуу хүүхдүүд хүмүүжлээ өвөө, эмээ нараасаа авдаг байсан уламжлал байхгүй болсон. Хамтдаа Солонгос кино үзээд, ааш муутай хүмүүсийн зан авирыг сурдаг болсон. Гадны ёс зүйгээр төлөвшиж байна. Солонгос киногоороо залуу үеээ хүмүүжүүлдэг болчихсон. Цаг хугацааны хувьд хожимдож байгаа ч кино урлагтаа мөнгө хаях нь зөв.

    Эх оронч, хүний үнэ цэнийг чухалчилдаг, монгол хүнийхээ авъяасыг хайрладаг болохын тулд соёл урлагт мөнгө хаях хэрэгтэй.

    Өнөөдөр залуучууд мөнгөний төлөө аьмдардаг болчихсон буруу хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Эх орондоо ихийг бүтээх хүнийг үнэлхээ больчихсон. Ухаарлыг тайзнаас, дэлгэцээс авах ёстой” гэв.

    Энэ талаар Соёлын сайд С.Чулуун “Соёлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д телевизээр гарч буй нийт контентийн 50 хүртэлх хувь нь үндэсний контент байна гэж заасан байдаг. Энийг хэрэгжүүлж байгаа эсэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавих үүрэгтэй.

    Соёлын яамны хувьд үндэсний контентийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад зориулсан уран бүтээлийг туурвих тал дээр түлхүү анхаарна.

    Ялангуяа, музей, галерей, кино салбаруудад хүүхдүүд рүү чиглэсэн гол бодлого явагдана.

    Оргил цагийн үеэр монголын үндэсний контентоос илүү олон ангитай, сериал кинонууд гарч байгаа. Тэр цагаар аль болох үндэсний онцлог шингэсэн, хүүхэд залуучуудад эерэг нөлөөлөх контентуудыг гаргах хэрэгтэй”  гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ