• “Монголчуудын шинийг санаачлах, гадны зах зээлд нэвтрэх эрч 10 жилийн хугацаанд огцом буурсан”

    2020-10-06

    УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “ Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.06/   зохион байгуулллаа.

    Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн бөялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлтээ танилцуулав.

    Дэлхийн банкнаас хийсэн судалгааны тайланд монголчуудын шинийг санаачлах, шинэ бүтээгдэхүүн хийх, гадаадын зах зээл дээр гаргах эрч 10 жилийн хугацаанд огцом буурсан талаар онцолжээ.

    Уул уурхай нь манай улсын өнөөдөр бол харин ирээдүй нь оюун ухаан- хүмүүн капитал байх учиртай гэж Дэлхийн банкнаас дүгнэж байна.

    Бизнесийн хүрээнд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт буурсны шалтгааныг  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ийнхүү тайлбарлав:

    Тэрбээр “Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлдвэрлэлийн шинэ технологийг нэмэгдүүлэх нь эрс буурсан байна.

    Бизнесийн нийт компанийн 92 хувь нь дотоодын зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

    2010 онд Стратегийн салбаруудад гадны хөрөнгө оруулалтыг багасгах хууль баталснаас хойш гадны хөрөнгө оруулалт эрс буурсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах асуудал маш хүнд болсон. Монголд итгэж хөрөнгө оруулах тохиолдол маш ховор болсон.

    Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр инноваци, технологийн шинэчлэл хийгдэнэ гэж байхгүй. Эдийн засгаа тэлэх тухай ярьж байгаа бол экспорт, гадны хөрөнгө оруулалт гэсэн хоёр зүйлтэй ажиллах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихтэй холбоотой эрх зүйн шинэтгэлийг яаралтай хийх шаардлагатай.

    Өнгөрсөн долоо хоногт яг энэ асуудлаар Төрийн ордонд хуралдсан. Тэр үед нэгэн зөгийн балны компанийн захирал “Өөрөө хөрөнгө оруулалт хийгээд, бизнес эхлүүлэх гэсэн болохгүй болохоор нь хоёр монгол хүний нэр дээр бизнес хийж байгаа” гэж хэлж байсан. Гадны хөрөнгө оруулалттай гэхээр хяналт, шалгалт нь хүндрээд явчихдаг.

    Гадаад зах зээл рүү монгол компаниуд гарах гэж хичээж байгаа боловч чадахгүй байна. Гадны хөрөнгө оруулалтыг эрс дэмжиж байж дараа нь экспортоо нэмэгдүүлэх боломж үүснэ” хэмээн ярьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ