• “Бадрах энержи” компанийн эргэн тойрон дахь 16 худгийн 4-өөс нь уран, хүнцэл их хэмжээгээр илэрсэн гэв

    Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь Ураны үйлдвэр орчимд ЗГХЭГ-ын даргын тушаалаар томилогдож, мэргэжлийн шинжилгээ хийсэн ажлын хэсгийнхэн дүнгээр танилцууллаа.

    Мэргэжлийн хяналтын төлөөлөл “Хүнд металлын шинжилгээгээр 16 худгийн 4-өөс нь уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их гарсан. Стронци зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-3 дахин их, хүнцэл 40-80 хувиар их байлаа. Марганц нэг худагт зөвшөөрөгдөх хэмжээнээс 92 хувиар их агуулагдаж байсан. Төслийн талбайн ойр орчимд байгаа малчдын уудаг гүний болон худгийн ус эрдэсжилт өндөртэй, хүн металл, уран их агуулсан. Тухайлбал, Хонгорын ус , Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эрэг, Наймаа, Булаг шандын худгийн ус хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах магадлалтай. Удаан хугацаагаар энэ усыг ашиглавал бүр ч аюултай. Худгийн усыг ашиглах тохиолдолд зайлшгүй цэвэршүүлэх ёстой гэдэг зөвлөмжийг ажлын хэсгээс сумын удирдлагуудад өгсөн. Гадаргын ус гэвэл нэг булгийн ус байгаа. Олон шинжилгээний дүнгээр маш их эрдэсжилтэй, уран, хүнцэл, хлорын өндөр агууламжтай гэж гарсан. Тиймээс ундны усанд хэрэглэх боломжгүй. Ажлын хэсгийнхэн булгийг хашаажуулах, ашиглахгүй байх зөвлөмжийг өгсөн.

    “Бадрах энержи” компанийн ойр орчмоос гадна 85 км хүртэлх зайд байгаа худгийн уснаас шинжилгээ авахад, ураны агууламж өндөр, хүнд металл ихтэй гарсан. Тиймээс тодорхой худгуудын усыг ашиглах шаардлагатай гэвэл зайлшгүй цэвэршүүлэх зөвлөмжийг өгсөн байаа” гэв.

    Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын хэлтсийн дарга н.Жаргалсайхан “Хүний эрүүл мэндтэй холбоотой ажлын дэд хэсэг 2020 оны зургадугаар сарын 5-28-ны өдрүүдэд Улаанбадрах суманд очиж ажилласан. Улаанбадрах сумаас гадна Дорноговь аймгийн Зүүнбаян багийн иргэдээс асуумж, судалгаа авч, дүгнэсэн. Мөн аймгийн хүн амын сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн судалгаанд үнэлэлт, дүгнэлт  хийсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын сүүлийн 5 жилийн статистик мэдээллээс харахад, Улаанбадрах сумын өвчлөлийн дундаж үзүүлэлт бусад сумынхтай ижил түвшинд гарсан. Сүүлийн 5 жил Дорноговь аймагт эхийн эндэгдэл гараагүй. Нялхсын эндэгдэл буурсан. Бид Улаанбадрах сумын Аргалант тэргүүтэй 4-5 багийн иргэдтэй уулзаж, судалгаа хийсэн. Хүмүүсийн ихэнх нь уран, хүнцэл хөрсөөр дамжиж байна гэдэг айдастай байсан. Гэхдээ ураны цацраг идэвхт бодисын цочмог хордлогод өртөөгүй байгаа учраас цаашид энэ чиглэлээр нөлөөлийн судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байна” хэмээлээ.

    Мал, эмнэлгийн Ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Тунгалаг “Мал, эмнэлгийг хариуцсан ажлын дэд хэсгээс Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын нутагт байрлах зорилтод бүлгийн 15, хөрш зэргэлдээ Эрдэнэбүрэн, Даланжаргалан, Сайхандулаан сумдын 4 малчин өрхийн төлөөлөлтэй уулзсан. Нийт 19 өрхийн 328 малаас лабораторийн шинжилгээний дээж авсан. Халдварт болон халдваргүй, шимэгчлэгч өвчний үзүүлэлтүүдийг шинжилсэн. Нийтдээ 328 дээжээс  малд эмгэг өөрчлөлт үзүүлэх асуудал тогтоогдоогүй. Энэ хариунуудаа албажуулаад ЗГХЭГ-т өгсөн” хэмээв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ