• Т.Доржханд:Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд нь битгий халд

    2020-10-05

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Т.Доржханд захиргааны хэргийн шүүгч шийдвэрээ өөрчлөхгүй бол орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдөр болохгүй байх нөхцөл үүсээд байгаа талаар мэдээллээ.

    Сонгууль хугацаандаа болохгүй байснаар улсын төсөв болоод нэр дэвшиж буй намын төлөөллүүдэд ихээхэн хэмжээний санхүүгийн дарамт ирэх талаар анхааруулав.

    УИХ-ын гишүүн Т.Доржханд “ХҮН-аас нэр дэвшиж буй залуучууд ялах, ялагдах эсэх нь чухал биш. Монгол хүн сонгох, сонгогдох эрхтэй, сонгууль нь хуулийн дагуу болдог, сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнээ хүлээн зөвшөөрснөөр төрөө удирдуулдаг болох нь хамгийн чухал.

    Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд нь битгий халд. Сонгуулийг сонголттой болгох хэрэгтэй.

    ХҮН-ыг дотоод зөрчилтэй, бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр асар их түгээж байна.  Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооноос “ХҮН-ы бүрдүүлсэн бичиг баримт хууль ёсны дагуу бүрэн, харин нийслэлийн Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагааг нь тасалдуулж байна” гэж байр сууриа илэрхийлсэн.

    ТЕГ-аас ХҮН-ын ашиглаж буй тамга нь УБЕГ-т бүртгэлтэй, харин ашиглаж буй тамга нь хуурамч гэж дүгнэсэн.  Хуурамч тамга ашиглаж, ХҮН-ын өмнөөс хурал хийгээд, 45 хүнийг нэр дэвшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагад өгсөн.

    Одоо хуурамч тамгатай, хууль бус гомдолд үндэслэсэн захирамжаа цуцлахыг шүүгчээс шаардаж байна.

    Шүүгч шийдвэрээ өөрчлөхгүй бол сонгууль хугацаандаа болохгүй байх нөхцөл бүрдэж байна. Нэр дэвшиж буй хүмүүсээс самбар хэвлүүлэх, ухуулагч ажлуулахаас авахуулаад маш их зардал гаргаж байгаа. Сонгуулийн саналын хуудсыг хэвлэх зэрэг маш их зардлыг мөн улсын төсвөөс гаргадаг.

    Захиргааны хэргийн захиалгын шүүгчийн шийдвэрээр татвар төлөгчдийн мөнгөнд хохирол учруулж байгааг хэн шийдэх вэ гэсэн асуудал гарч ирж байна.

    Ганцхан шүүгчийн шийдвэрээр улсын төсөв дээр болоод нэр дэвшиж буй залуучуудын хувьд санхүүгийн хүндрэл үүснэ   гэв.

    Шүүгч гаргасан захирамжиндаа өөрчлөлт оруулахгүй бол аравдугаар сарын 8-нд олон нийтийг хамарсан жагсаал хийнэ гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ