• 100 айлаас худалдан авалт хийсэн ч НӨАТ-ын баримтаа ӨӨРӨӨ үүсгээд, авах боломжтой

    2020-10-02

    Зах, худалдааны төвүүд хялбаршуулсан  QR код бүхий наалт буюу цахим и-баримтаар үйлчилж эхэллээ

    Зах, худалдааны төвд QR код бүхий наалт буюу цахим и-баримтыг наах ажлыг дүүргүүдийн татварын хэлтсүүд гүйцэтгэн ажиллаж байна.

    QR код бүхий наалт гэхээр уншигч та гайхаж магадгүй.

    Энэхүү QR  наалтыг иргэд утсан дээрх и-баримт аппликейшн рүү ороод уншуулахад и-баримт автоматаар бүртгэгдэх юм. Өнөөдрийн  байдлаар нийслэлийн 199 зах худалдааны төвүүдэд QR кодыг наагаад байгаа аж. Хэрэгжилт ямар байгааг сурвалжлахаар манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн Татварын  хэлтсийн байцаагч нарын хамт Метромолл худалдааны төвийг зорилоо.

    Тус худалдааны төвийн худалдаа эрхлэгчид QR код бүхий наалтыг  иргэдийн нүдэнд харагдахуйц газар нааж байршуулжээ. Зарим нэг худалдаа эрхлэгчид наасан баримтаа хуулж авсан гэх мэт зөрчил гаргасан байлаа.

    Гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч иргэн Н.Соёлмаа

    “Энэхүү наалтыг наасан нь их амар байна. Иргэд утсаараа шууд уншуулах боломжтой.

    Аль аль талдаа цаг хугацаа хэмнэж байна. Ер нь иргэд хялбаршуулсан энэ баримтын талаар мэдээлэл сайтай байна”  гэлээ.

    Харин зарим худалдаа эрхлэгчид одоохондоо цаасан баримтаа өгч байна.  Цаашдаа худалдан авагч, худалдаа эрхлэгч аль аль нь дадал болгож хэвшүүлвэл цаг хугацаа, цаас хэмнэх зэрэг олон давуу  талтайг онцолсон юм.

    Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч О.Мөнхчулуун ”QR код бүхий наалтыг байршуулснаар худалдаа эрхлэгчид заавал тоног төхөөрөмж авч, компьютер дээр шивээд суух шаардлагагүй болж байгаа юм. Худалдан авагчид и-баримт өгөх гэхээр цаас нь эсвэл хор нь дуусчихдаг асуудал гардаг.  Худалдан авагч ихтэй үед дараалал үүсэхгүй, хэрэглэгч өөрөө утсан дээрээ л бүртгүүлдэг  байхаар хялбарчилж шийдсэн. Гол нь иргэд үүнийг дадал болгох хэрэгтэй. Та 5000 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бол и-баримт цэсээ гаргаж ирээд QR код бүхий наалтыг уншуулахад иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл гарч ирнэ. Улмаар борлуулагч тал баримтыг баталгаажууслнаар шууд цахимаар бүртгэгдэнэ” гэлээ.

    QR  БАРИМТ ГЭЖ ЮУ ВЭ?

    Хялбаршуулсан цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр нааж байршуулсан татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт илгээж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.

    Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 42 зах, худалдааны төвүүдэд худалдаа эрхлэгчдийн лангуун дээр  QR код бүхий наалт буюу цахим и-баримтыг нааж байршуулжээ.

    Иргэдийн дунд зах, худалдааны төвүүд и-баримт өгдөггүй гэх гомдол их байдаг. Тэгвэл QR код бүхий наалтыг худалдаа эрхлэгчид лангуун дээрээ нааснаар дээрх байдал арилж байна гэж хэлж болно.

    Тэр дундаа 100  айл, Нарантуул гэх мэт худалдааны төвүүдэд дээрх баримтыг идэвхтитэй ашиглаж байна.

    Зах, худалдааны төвд QR код бүхий наалт буюу цахим и-баримт үүсгэх хялбар шийдлийг өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс нийслэлийн хэмжээн дэх 207 зах, худалдааны төвд байршуулжээ.

    НӨАТ-ын тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээс хойш зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид л баримт үүсгэх боломжтой байсан бол QR код бүхий наалтыг уншуулдаг хялбар шийдэлтэй болгосноор худалдан авагч өөрөө баримтаа үүсгэх боломжтой болж байгаа юм.

    Зургийг Монголын Татварын албаны фэйсбүүк хуудсаас авав.

    БОРЛУУЛАГЧ И-БАРИМТАА БАТАЛГААЖУУЛАХГҮЙ БОЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛНА

    Иргэн Та QR код бүхий наалтыг уншуулсаар байхад борлуулагч тал баталгаажуулахгүй бол гомдол гаргах эрхтэй.

    Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Жишээлбэл, өмнөх тайлант хугацааны борлуулалтын хоёр хувь хүртэлх хэмжээгээр торгох гэсэн заалт бий. Орлогыг нь тодорхойлох боломжгүй бол хувь хүнийг 1.5 сая төгрөг, хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллагыг 15 сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалттай.

    Татварын шинэ хууль  энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор и-баримт системд технологийн олон шинэчлэлийг хийж байгаагийн нэг нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн и-баримтыг хялбаршуулсан аргаар бүртгэдэг болгосон юм.

    НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2016 онд нийт 192 сая ширхэг НӨАТ-ын баримт бүртгэгдэж байсан бол энэ тоо жил ирэх тусам өссөөр 2018 онд гэхэд хэрэглэгчдийн тоо 800 сая, баримтын тоо 435 сая ширхэг болтлоо эрчимтэй өссөн билээ. Тиймээс олон хэрэглэгчтэй и-баримт системийг илүү хялбар болгоход анхаарч ажиллаж байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ