МАН-ын бүлэг УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ээлжит бус чуулганы хурлын үеэр Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон гишүүнээс санал ирсэн.

Бүлэг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас ойрын үед байнгын хорооны болон бусад хуралдаанаар хэлэлцэнэ. Хоёрдугаарт, өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг хэрхэх асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан 100 гаруй хуулийн төслийг УИХ-ын өмнөх чуулгануудад хэлэлцэж амжаагүй байгаа. Эдгээрийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулиудийн заримыг буцаан татах, зарим нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд явна. Мөн УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны үеэр бүгд тойрогтоо ажилласан. Үүнтэй холбоотой маргааш 15.00 цагаас Шадар сайд мэдээлэл өгнө” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сэтгүүлчдийг хэзээнээс Төрийн ордонд чөлөөтэй ажлаа хийж, хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар асууж тодруулсан. Тэрбээр “Бид үүнд онцгой анхаарч, УИХ-ын дарга болон Тамгын газрын даргын хүрээнд асуудлыг ярилцаж, өнөөдөртөө хариу өгнө” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ