• Г.Занданшатар:Ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн

    УИХ-намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үг хэллээ.

    УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэйгээ уулзаж, бүх байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажиллаа.

    Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүд өргөн баригдсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа.

    Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

    Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Саарал жагсаалтаас гарахтай холбоотойгоор 6 заалтын дөрвийг нь биелүүлж ажиллаж байна.

    Эрхэм гишүүдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ