• С.Насанцэнгэл:Өндөр татвар ногдуулах замаар архи, согтууруулах ундааны үнийг нэмэх нь зүйтэй

    2020-09-25

    УИХ дахь эмэгтэй гишүүдийн боловсруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж өнгөрлөө.

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь 20 жил мөрдөгдөхдөө нийтдээ найман удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон боловч нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Тийм ч учраас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дээр зайлшгүй шаардлагатайг эмэгтэй гишүүд онцолж байлаа.

    Хэлэлцүүлгийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон хуулийн төслийн тухай” сэдэвт илтгэл танилцуулав.

    Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин  нэмэгджээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна.

    Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ гурав дахин их өртдөг гэжээ.

    Согтууруулах ундаатай тэмцэх бодлого болон хэрэгжилт дэлхий дахинд сайжирч байгаа боловч архины хамааралтай хүмүүсийг хамгаалах арга хэмжээ хангалтгүй байгаа учраас дараахь саналуудыг хуулийн төсөлд нэмж оруулахаар санал гаргалаа.

    Үүнд:

    • Эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах  төсвийг  нэмэгдүүлэх замаар архинд донтох эмгэгийн эрт илрүүлэг, эмчилгээний үр дүн, хүртээмжийг сайжруулах;
    • Онцгой албан татвар, үнийн бодлогоор дамжуулан архи, согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлэх нь зүйтэй зэрэг саналыг гаргасан байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ