• “Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг иргэний эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч үйлчилдэг болгож үүрэгжүүлнэ”

    2020-09-24

    УИХ дахь эмэгтэй гишүүдийн боловсруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр архидан согтууралт нь гэр бүлийн хүчирхийллийн үндэс болж байгаа учраас хуульд заавал нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл онцолж байв. Хуулийн төсөлд согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг иргэний эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч үйлчилдэг болохыг үүрэгжүүлэх, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд квот тогтоох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох зохицуулалтууд тусгагдсан байна.

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Эмэгтэй гишүүдийн бүлэг хүчирхийлэл, архидан согтууралт зэрэг олон жил ярьсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн асуудлуудыг барьж авч,ажиллаж эхэлсэн. Олон жил яригдсан боловч олигтой ажил хийгдээгүйн горыг есөн настай охин амссан.

    Би энэ охины үхэлд төр, төрийн албан хаагчид буруутай гэж үзэж байгаа.

    Ар гэрийн хувьд мэдээж асуудал байгаа боловч цалин аваад сууж байгаа хүмүүс хариуцлага хүлээж буй ажлаа хийгээгүйн улмаас тэр охин хоёр жил тамлуулсны эцэст амиа алдлаа.

    Цагдаа, хорооны нийгмийн ажилтан, сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтан бүгд хаана байв аа? Хуулийн дагуу мэдээллэх үүрэгтэй хөршүүд яасан бэ?

    Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдад Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүчирхийллийн эсрэг тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гээд олон хууль зөрчсөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцох чиглэлийг өгсөн.

    Хүүхдийн эрүүл, аюулгүй амьдралтай үүрэгтэй тэр хүмүүсийг ажлаа хийдэг болгох, цаашлаад тэдний ажлаа хийгээгүйн улмаас хүний бяцхан үр амь насаа алдсан гэх мэдрэмжийг авах ёстой” гэв.

    Үргэлжлүүлэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайдад надад хэрэг гарах болсон нөхцөл байдлыг ажлын хэсэг гаргаж шалгуулахыг үүрэг болгосон_

    Албан үүрэгтэй хариуцлагагүй хандсан албан хаагчдыг шалгаж, тодруулахыг даалгасан. Сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн ажилтан, хороон Засаг дарга, хорооны хэгсийн байцаагч, цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч нарын энэ хэрэгт хандсан хандлагыг шалган, тогтоож байна” гэв.

    Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.

    Тэрбээр “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь 20 жил мөрдөгдөхдөө нийтдээ найман удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон боловч нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Тийм ч учраас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дээр эмэгтэй гишүүд санал нэгдсэн. Одоо мөрдөгдөж буй хуулинд олон нийтийг архидан согтуурахыг хязгаарлах зохицуулалт хангалттай ороогүй гэж үзсэн.

    • Хүн амын нягтаршилтай уялдуулан согтууруулах ундааг худалдах
    • Согтууруулах ундаагаар үйлчлэх нэгжийн тоо, байршлыг зохицуулах
    • Согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх газруудад тодорхой шаардлага, үүргийг бий болгох
    • Олон нийтийг архидан согтуурах боломж, нөхцөлийг багасгахад нөлөөтэй зохицуулах арга хэмжээг тусгах хэрэгтэй.

    Өнөөдөр 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотод 4,600 архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг байна. Дэлгүүр бүрийн касс дээр 100 граммаар савлачихсан архи байхад архины хамааралтай хүмүүс хэдээр бол хэдээр л авна. Архины үнэ нь дэндүү бага байна” хэмээн ярьсан юм.

    • Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, түүний хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтуурлын түвшинг иргэн өөрөө тодорхойлох боломжтой болгох
    • Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг иргэний эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч үйлчилдэг болохыг үүрэгжүүлэх
    • Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд квот тогтоож өгөх, шаардлага, үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох зохицуулалтын арга хэмжээг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ