Үнэгүй автобусны үлгэрээр яваандаа нийтийн тээвэргүй болох аюултай

Ирэх долоо хоногт буюу энэ сарын 30-ны өдөр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлэх гэж байна. 10 дугаар сарын 15-нд санал хураалт явагдсанаар дуусах энэхүү сонгуульд улстөрийн намууд нэр дэвшигчдээ сойхоор бүртгүүлээд буй. НИТХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид сонгуулиар ямар хөтөлбөртэй сурталчилгаа хийх нь ерөнхийдөө тодорхой болоод байгаа билээ.

Намын байр ч үгүй болоод Л.Болдын “Бодь” цамхагт үүрээ засаад буй АН саналаа хуваахгүйн тулд ШИНЭ болон МАХН-тай хамтарч сонгуульд орж буй.

АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 45 хүний найм  нь Н.Энхбаярын МАХН-ынх бол ШИНЭ-ийн зургаан  гишүүн тус намын нэр дээр өрсөлдөж буй.

АН-ыг барууны нам гэдэг ч Н.Энхбаярын удирддаг зүүний  МАХН-тай хамтарч сонгуульд орж байгаа  нь эрх мэдлийн төлөө намууд гэгч ямар холион бантан болж буйн нэг жишээ.

Уг нь АН, МАХН хоёр 2012-2016 онд хамтарч Засгийн газар байгуулж байх үед тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Н.Энхбаяртай 2024 он хүртэл эвсэхээр гэрээ үзэглэсэн ч тус намынхан хүлээж аваагүй өнгөрсөн.

Түүнээс хойш АН хоёр УИХ-ын сонгууль, нэг удаагийн Орон нутгийн сонгуульд ялагдаад буй. Харин нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь АН-ын ялалт гэхээс илүүтэй Х.Баттулгын “Монгол ялна” багийн идэвхтэй сошиал сурталчилгааны үр дүн байсан гэхэд болно.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд ч Ерөнхийлөгчийн багийн Д.Пүрэвдаваа хэмээх залуу нийслэлд АН-ыг тэргүүлж оролцож байгаа юм. Гэхдээ түүний хэлж, ярьж, дэвшүүлж байгаа зарим санаа нь олон хүний эсэргүүцэлтэй тулж буй.

Тухайлахад нийтийн тээврийг үнэгүй болгох санаа байна. Д.Пүрэвдаваад хэлэх бол амархан л байх. Ер нь бол “Үнэгүй бяслаг хавханд л байдаг”, үнэгүй юм гэдэг үнэ цэнэгүй гэдэг мэдээж. Үүнийг намууд нэгнээсээ өрсөж, давж амалж байж сонгогддог байдлыг халах гэж л яваа. Өмнө нь “Эрдэнийн хувь”, “Эрдэнийн хишиг” гэж өрсөлдөөд ялсан МАХН уул уурхайгаас орж ирснээ цөмийг нь иргэддээ тараагаад “баас болгоод жорлонд урсгачихсан” түүх бий. Түүнээс болж 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаар юу боллоо.

1000 гаруй  автобусны үйлчилгээний зардлыг хотын төсвөөс гаргаж чадахгүй. Уг санаархал хэрэгжвэл яваандаа нийтийн тээвэр ч үгүй болох аюул ч ойрхон байх.

Тэгэхээр үнэгүй автобусны үлгэрээ зүгээр л залгисан нь дээр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ