Ц.Мөнхцэцэг:Монгол хүүхдүүд англи хэлийг нилээн оройтож үзэж эхэлж байна гэж судлаачид шүүмжилдэг

2020-09-23

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлгийг нээн УИХ-ын гишүүн, доктор Ц.Мөнхцэцэг “Хүний хөгжил, хүүхэд бүрт чанартай боловсрол олгох чиглэлээр томъёолсон байгаа. Төрийн өмчит ЕБС-ийг төгсөгдчийн англи хэлний чадвар хувийн хэвшилд суралцагчдаас харьцангуй доогуур байна.

2020 оны ЭЕШ-ийн дундаж онооноос авч үзвэл улсын сургуулийг төгсөгчдийн англи хэлний шалгалтын оноо хувийн сургуулийн төгсөгчдөөс гурав дахин бага байна.

Харин бусад хичээлүүд дээр онооны зөрүү багатай байна. Боловсролын тухай хууль, Үндсэн хуульд хүүхэд бүрт боловсролыг тэгш хүртээмжтэй олгох гэж заагдсан байдаг. Үндэсний боловсролын тогтолцоог олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэхийг зорьж байна. Тэрнээс биш аль нэг гадны тогтолцоог импортлохгүй.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол ёс, зан заншлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр заахаар тусгагдсан.  Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд багшийн ажиллах таатай орчинг бий болгох, тасралтгүй суралцах нөхцлөөр хангах зэрэг “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.  Сургалтын хөтөлбөрийн зарим шинэчлэлт, шаардлагатай гэвэл үндэсний хэмжээний томоохон реформыг хийнэ.

Боловсрол тэгш хүртээмжтэй байж чадахгүй, өмчийн хэлбэрээс болж ялгаатай байна. Англи хэлний багшийн TESOL сертификатад бүх багш нараа хамруулах, гэрчилгээтэй бол багшийн үнэлэмжийг ялгаатай тогтоох асуудлыг ярих ёстой.

Зарим судлаачдын зүгээс монгол хүүхдүүд нилээн орой Англи хэл үзэж эхэлж байна гэж шүүмжилж байна. Япон улсны хувьд  2020 оноос эхлэн ЕБС-ийн гуравдугаар ангиас эхлэн гадаад хэлийг зааж эхэлсэн.

Манай хүүхдүүдийн хувьд нилээн орой буюу 10 наснаасаа эхэлж байна. Эцэг, эхчүүдийн хувьд дийлэнх нь англи хэлийг бага наснаас нь гэсэн бол багш нарын 39 хувь нь бага наснаас нь заах хүсэлтэй байна гэж судалгааны дүн гарсан. 40-50 хүүхэдтэй ангид гадаад хэл заах маш хүндрэлтэй. Бүлгээр эсвэл түвшингээр нь орох шаардлагатай болж байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ