• УИХ-ын гишүүн асан Г.Солтанд оноосон гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Эрүүгийн анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт буруутгагдсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ