• Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн нэг ч хүн байхгүй

    Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Хил хааснаас хойш 22400 гаруй иргэнийг татан аваад байна. Мөн 48 улсаас 10400 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Ойрын өдрүүдэд таван удаагийн тусгай үүргийн онгоцоор 1000 гаруй иргэнийг татан авахаар ажиллаж байна. Нийт 70 тусгаарлалтын байранд 3703 иргэн хяналтад байна. Улс орны бүтээн байгуулалт, томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах гадны ажилчид, мэргэжилтнүүдийг тусгай төлөвлөгөөний дагуу татаж байна. Гадаадын иргэдийг хилээр нэвтрэхэд нь шинжилгээнд хамруулан, зогсолтгүйгээр тусгаарлах байранд хүргэж байна. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлан, дахин шинжилгээнд хамруулсны үндсэн дээр бүтэн байгуулалтын ажилд оролцуулж байна” гэсэн бол.

    Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Ж.Бямбасүрэн “Монгол Улсын хил хамгаалах байгууллага хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж байгааг мэдэгдье. УОК болон Засгийн газрын шийдвэрээр бүрэн хяналт дор иргэдийг татаж байна. Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хил хамгаалах байгууллага хяналт шалгалтгүйгээр иргэдийг нэвтрүүлсэн гэх мэдээ хэвлэл мэдээллээр гарсан. Хил хамгаалах байгууллага болон хилчдийн нэр төрд халдаж, үйл ажиллагааг нь харлуулж, гүтгэж байгаа тул бидний зүгээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад мэдэгдэж шалгуулах ажиллагааг эхлүүлж байна. Зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн нэг ч тохиолдол байхгүйг мэдэгдэж байна” гэлээ.

    Гадаадын иргэн харьяатын дарга, хурандаа Н.Ууганбаяр “Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа шиг хууль бусаар хил нэвтэрсэн хүн байхгүй. Шаардлагад нийцсэн хүмүүсийг зөвшөөрлийн дагуу бүрэн хяналт дор хилээр нэвтрүүлж байна”.

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Хууль зөрчсөн асуудал байхгүй. Төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл тарааж, зориудаар ийм үйл ажиллагаа явуулж байгаа асуудал дээр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтын ажиллагаа явуулах болно” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ