“Үндэсний номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус баярын ач холбогдлыг үнэлэн, анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулдаг болсон билээ.

Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь уламжлалт хөтөлбөр, арга хэмжээнээс гадна сонирхолтой дөрвөн номинацаар баяжигдсан баяр боллоо хэмээн утга зохиолын хүрээний судлаачид болон уншигчид ам сайтай байна.

Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгорын санаачилгаар утга зохиол судлалын “Шилдэг шүүмж” бүтээлээр судлаач О.Содномпилийн бүтээлийг тодруулж ном хэвлүүлэх, “Чингис Хааны тухай хамгийн олон номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Э.Пүрэвжавыг тодруулж, Бие даасан үзэсгэлэн гаргах эрхийн бичгээр, “Хамгийн олон үнэт ховор номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Р.Отгонбаатар тодорч, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэгт оролцох, “Монгол судлалын арвин номын сантай” цуглуулагчаар судлаач Ж.Раднаабазар тодорч, цуглуулгын танилцуулга (каталог) хэвлүүлэх эрхийн бичгээр тус тус урамшуулав.

Иргэд болон судлаачдыг салбарын мэргэжлийн экспертүүд шалгаруулж санал болгосноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгор, МЗЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, СГЗ До.Цэнджавын хамт “Батламж”-ийг”Үндэсний номын баяр”-ын нээлтийн үеэр гардуулсан юм. Дашрамд өгүүлэхэд нэр хүндтэй энэхүү “Батламж”-ийг жил бүр уламжлал болгон олгох ажээ.

     

Эх сурвалж: СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Э.ЭГШИГЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ