• Ж.Батбаясгалан:2021 оноос Засгийн газар, Сангийн яам Нийслэлд төвлөрөх хөрөнгөөс мөнгө татахгүй

    НИТХ-ын хүндэтгэлийн хурал  болж өндөрлөлөө.  Хурлын үеэр “Аз жаргалтай Улаанбаатар ” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.

    -Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хэдэн хувиар дүгнэх вэ. Улаанбаатар хот  аз жаргалтай хот болж чадсан уу?

    -2016 онд Монгол улсын эдийн засаг хасах руу орсон байсан. Бид эдийн засгийг хөгжүүлэх, тогтворжуулах бодлогыг  4 жил баримтлан ажилласан. Эдийн засгийн хүндрэлтэй байдал 2019 оныг хүртэл үргэлжилсэн. Дэлхий нийт коронавирусийн дэгдэлтээс болж эдийн засгийн хямралд өртсөн.  2016 оноос хойш иргэдэд тулгамдсан хамгийн том асуудал бол агаарын бохирдол байсан. Бид шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, түүхий нүүрсний хэрэглээг иргэдтэй хамтран халж чадсан. Мөн эдийн засгийн хямралаас гадна тогтолцооны алдаа маш их байсан. УИХ-аас гарсан онцлох шийдвэр бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Мөн Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудыг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар шийдэж эхэлж байна. Жишээлбэл, орлогод нийцсэн орон суц хөтөлбөр юм. Бид агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан бол иргэд, ААН-үүдтэй хамтран түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэх боломж байна. Энэ ажлын эхлэл замын хөдөлгөөний зохицуулалт, бодлогын хүрээнд хийгдэж байгаа давхар замууд, машиныг цөөлж нийтийн тээврийг хөгжүүлэх бодлого юм. Өнгөрсөн  жилүүдэд Улаанбаатар хотод анх удаа цахилгаан болон давхар автобусыг нэвтрүүлсэн.

    -Иргэд  “Аз жаргалтай” хотод амьдарч чадахгүй байгаа даа бухимдаж байна. 4 жилийн өмнө түгжрэлийн асуудал  яригдаж байсан одоо ч шийдэгдээгүй байна?

    -Хотын түгжрэлийн асуудал хүн амын хэт төвлөрлөөс болж үүсэж байна. Хүн амын 50 хувь, тээврийн хэрэгслийн ихэнх нь Улаанбаатар хотод  төвлөрсөн байдалтай байна. Энэ механик өсөлт маш богино хугацаанд үүссэн. 2000 оноос хойш Монгол улсын эдийн засгийн өсөлт хүн амын механик өсөлттэй зэрэгцэн өсч чадаагүй. Тиймээс эдгээр асуудлууд үргэлж хоцорч шийдэгдэж байна. Тиймээс эдийн засгийн орчны асуудлыг давхар шийдэх алхмууд хийгдэж  байгаа. Үүний нэг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. 2021 оноос Засгийн газар, Сангийн яам Нийслэлд төвлөрөх хөрөнгөөс мөнгө татахгүй болж байна. Ингэснээс Засгийн газар, Нийслэлийн бодлого нэг шугамд орж эхлэх юм. Гэвч энэ асуудал хурдан хугацаанд бүрэн шийдэгдэх боломжгүй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ