• “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг тодорхой маршрутаар зорчих боломжтой байдлаар ялыг нь эдлүүлнэ”

    2020-09-16

    Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Тодруулбал, анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим хяналт хийж, тодорхой маршрутаар зорчих эрхийг нь хязгаарлах ялыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс гар, хөлөндөө тусгай технологийн бүхий бугуйвч зүүснээр:

    • Оршин суугаа газраасаа гарахгүй хязгаарлалтад орох
    • Тодорхой маршрутад зорчих боломжтой болж
    • Тодорхой хэн нэг хүнтэй уулзахгүй байхыг тохируулах боломжтой юм.

    Техник технологийн бэлэн байдлыг хангасны улмаас 2018,2019 онуудад хоёр удаа хойшлуулсан бол ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.

    Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  “Ажиллаж хөдөлмөрлөж, гэр бүлтэйгээ бүрэн бүтэн байж ялаа хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа.

    Хүн амины, хүчингийн гэмт хэрэгт энэ ялыг оногдуулахгүй. Зам тээврийн осол гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг гэмт хэрэгт оногдуулна. Улаанбаатар хотод мэдээллийн хяналтын ганцхан төв ажиллах бөгөөд эхний ээлжинд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

    Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн оюутнууд сургууль гэр гэсэн нэг маршрутаар, тодорхой компани удирдаж байгаа хүн зам тээврийн осол гаргасан бол гэр компани хоёрынх нь хооронд зорчих эрхийг нь нээж өгөх жишээтэй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ