• Н.Энхтайван:Монгол, Хятад улсууд бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж ажиллана

    2020-09-16

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.

    Тэгвэл айлчлалын талаарх мэдээллийг Гадаад хэргийн сайд Н.Энхтайван өөрийн биеэр хүргэлээ.

    Тэрбээр “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И миний урилгаар есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Бид Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамт ажиллагааг урагшлуулах, бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, тохиролцоонд хүрлээ.

    Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо.

    Ойрын хугацаанд хийх боломжтой дээд өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох уулзалтуудын талаар ярилцаж, ерөнхий төлөвлөгөөр тохиролцлоо. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн сэргээхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэхэд анхаарч ажиллахаар боллоо” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ