Харин МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэрхэн оролцох нь одоо ч тодорхой бус хэвээр байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан гэсэн хэд хэдэн хувилбар яригдсан ч аль нь ч МАН-ын удирдлагууд, лидерүүд дунд дэмжлэг авахгүй байгаа аж.
Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН дотор ч, иргэдээс ч хамгийн их дэмжлэг авах улс төрч бол Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Гэвч У.Хүрэлсүх нэгдүгээрт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдэл нь үлэмж нэмэгдсэн Гүйцэтгэх Засаглалын Тэргүүн- Ерөнхий сайдаараа үргэлжлүүлэн ажиллаж, ард түмэнд өгсөн амлалт буюу УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө зүтгэх, хоёрдугаарт, Өөрийг нь Ерөнхий Сайд болоход тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, мөн хэд хэдэн тодорхой асуудалд хамтран ажиллаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх сонирхолгүй байгаа гэх.
Гэвч МАН-ын зарим нэр бүхий лидерүүд: “Одоо Х.Баттулга та хоёрын зам салах цаг болсон. Та ч тэр хүнд насаараа өртэй явах учиргүй. Харин та өндөр нэр хүндтэй байгаа дээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, төрийн тэргүүн болох ёстой. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор МАН-ын нэр дэвшигч Монгол төрийн тэргүүн болох нь энэ намын хувьд маш чухал ач холбогдолтой” гэх агуулгатай үгсийг зөвлөх, шахах, ятгах хослуулан дайж байгааг эх сурвалж өгүүлж байна.
Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулж ямар нэгэн сул нэр дэвшигч “хаяж өгөлгүй”  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийгээ өрсөлдүүлэх ёстой гэсэн уур амьсгал тус намын удирдах түвшинд хүчтэй байна.
Э.Мягмар