• Монголд ирж шалгалт хийх ФАТФ-ын багийн зургаан хүнтэй уулзах 140 хүнийг 21 хоног тусгаарлана

    Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хүрээнд ФАТФ-ын баг ирж, газар дээрх үнэлгээ хийх шаардлагатай байгаа.

    Коронавирусийн цар тахлын энэ үед улс орон бүрийн хорио цээрийн дэглэм ялгаатай байгаагаас шалтгаалан ФАТФ-ын багийг тусгай үүргийн онгоцоор хэрхэн авчрах гэж байгаа талаар судалж буйг Монголбанкны Ерөнхийлөгч мөн мэдээлсэн.

    Энэ ажлын хүрээнд ирэх ФАТФ-ын багийн зургаан хүн Монголд 140 орчим хүнтэй уулзалт хийх шаардлагатай байгаа. Тиймээс тэдгээр 140 хүнийг 21 тусгаарлах талаар Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдээллээ.

    Монгол Улс COVID-19-ийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа нөхцөл байдлыг үндэслэн Улсын Онцгой комисс болон Засгийн газраас зарим дэглэмийг сулруулж, үзвэр үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, хилээ хаалттайгаар хорио цээрийн дэглэмийг хэвийн горимд шилжүүлэхээр болоод буй.

    Энэ хүрээнд хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж, Монголд ирэх шаардлагатай гаднын ажилчдыг нэвтрүүлэхээс гадна гадагшаа уралдаан тэмцээнд оролцох шаардлагатай тамирчдаа явуулах боломжийг бүрдүүлэх бодлого барих талаараа Шадар сайд Я.Содбаатар мөн мэдэгдлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ