• Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр давж заалдана

    Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт болно.

    Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон билээ. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон.

    Ингээд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан.

    Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. Дээрх дөрвөн хүнд  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ