Ц.Ганзориг:Коронавирус гарахаас өмнөх ХЭВИЙН амьдрал руугаа эргэн орж байна

2020-09-14

Өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31-ныг дуустал сунгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Хэдий арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал хилээ нээхгүй хэвээр байх боловч дотооддоо тогтоогоод байсан өндөржүүлсэн бэлэн байдлыг зэргийг энгийн горимд шилжүүлжээ.

Тодруулбал, хил дотроо ААН, урлаг, спорт, худалдаа үйлчилгээний байгууллага, бүх шатны боловсролын байгууллагуудыг коронавирус гарахаас өмнөх хэвийн горимд шилжүүллээ. Шийдвэрийн дагуу баар, цэнгээний газрууд өмнөх шигээ 04:00 цаг хүртэл ажиллана гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дурьдлаа.

Тэрбээр “Та бидний амьдрал ямар байсан чигээр нь явуулах шийдвэр гаргалаа. Есдүгээр сарын 16-наас эхлэн бизнес, үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаарлалттай ажиллаж байсан газрууд өмнөх шигээ ажиллах юм. Мөн энэ сарын 21-нээс эхлэн бүх шатны сургалтын байгууллагууд хэвийн горимоор хичээллэнэ. Их, дээд сургуулиуд ирэх долоо хоногоос эхлэн хэвийн горимоор хичээллэж эхэлнэ. Мэргэжлийн байгууллагууд ариутгал, халдваргүйтлийн зөвлөмжийг хүргэж ажиллана. Коронавирус гарахаас өмнөх хэвийн амьдрал руугаа эргэн орж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ