• ХҮН-аар наадсан МАХН, АН-ын хамтрал орон нутагт амжилт олох уу

    Орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэхүү сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намууд НИТХ болон аймаг, дүүрэг, сумын ИТХ-д нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногт тодруулсан.

    Эрх баригч МАН-ын хувьд өмнө нь НИТХ-д сонгогдож байсан гишүүдээсээ илүүтэй шинэ залуусыг олноор нь нэр дэвшүүлсэн. Нийгэмд УИХ-ын гишүүн Д.Сумьябазарын тэргүүлж буй нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшигчдийн олонхийг нь “цүнх баригчид” буюу даргын туслах байсан нөхдүүд хэмээн гоочилж байгаа нь нууц биш. Юутай ч эрх баригч намын хувьд хамгийн гол өрсөлдөгч байх нь тодорхой юм.

    Тэгвэл сөрөг хүчний хамгийн том нам АН НИТХ-д бүхэлд нь буюу 45 тойрогт нэр дэвшүүлсэнгүй. Тэд Н.Энхбаярын МАХН болон намаас нь өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намтай хамтран орон нутгийн сонгуульд орж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдсан АН энэ удаа НИТХ-ын сонгуульд намаасаа 37 тойрогт нэр дэвшүүлсэн бол 8 тойргийг МАХН-д найр тавьсан. Мөн тус намаас нэр дэвшсэн 37 гишүүнийх нь 6 нь Ж.Батзандангийн ШИНЭ намынх.

    АН-ыг УИХ-ын сүүлийн хоёр сонгууль дараалан ялагдуулсан намын удирдлага нь одоо нэг гэсээр үлдсэн. Хэдийн З.Энхболд, С.Эрдэнэ нар намын удирдлагаас явсан ч тэдний гарын хүмүүс тус намыг удирдсаар байгаа. Монголын төрийг баригч тулах хоёр баганын нэг, гол хоёр намын нэг гэгддэг АН-ыг шалан дээр хүртэл буулгасан нөхдүүд тус намыг удирдсаар л байна гэсэн үг.

    Н.Алтанхуягийн үед түүнийг МАХН-тай хоёр сонгууль дараалан хамтрах гэрээг МАХН, Н.Энхбаяр хийж байлаа. Тэр үед АН-ынхан ёстой түй май гэж байсан. Тэгвэл томоохон ялагдлуудын дараа хамтрах нь зөв юм байна гэсэн шийдэлд тэд хүрч энэ удаа орон нутгийн сонгуульд ямартай ч Нийслэлийн түвшинд хамтарч байгаа нь энэ. Гэвч УИХ-ын сонгуульд хэрүүл, уруултай нэр дэвшиж, удаа дараа унасан Д.Пүрэвдаваагийн тэргүүлсэн энэ “хамтрал” амжилт олно гэдэгт итгэх итгэл бага байна.

    Хэдий Н.Энхбаярын намынхан С.Ганбаатар нар гуравдагч хүчний ХҮН-ыг самарч НИТХ-ын сонгуульд 45 биш 90 нэр дэвшигчийн нэр өгүүлсэн хэдий ч АН/ШИНЭ/-МАХН гэсэн хамтрагсад амжилт олно гэсэн үг биш.

    Харин ХҮН хэмээх нам хэдий сүүлийн сонгуулиар парламентын нам болж, Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд нь УИХ-д суудалтай болсон ч түүнээс цааш явахгүй нь бололтой. Учир нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд тус нам оролцох эсэх нь ээдрээтэй болчихлоо. Тус нам хоёр нийслэлийн намын хороотой болж, тус тусдаа 45 хүнийг нэр дэвшүүлж, бүртгүүлэхээр Нийслэлийн Сонгуулийн хороонд  хандаад байна.

    Өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө дарга цэргийн маргааны улмаас намаасаа нэр дэвшүүлж чадаагүй тэд хуучин дарга С.Ганбаатар буюу МАХН-ын найруулсан хоронд энэ удаа хордов бололтой. Мөн  ХҮН-ын удирдлагыг Ц.Элбэгдорж нартай холбоотой МАНАН-гийн гар хөл хэмээх яриа ч эрчтэйгээр тарсаар байна.Энэ бүхэн орон нутгийн сонгуулийн дүн аль талд гарахыг эртнээс харуулж байгаа мэт

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ