• “Шунхлай”, “Тэс Петролуим”, “Синчи Ойл”, “Петрожамп” ШТС-уудын бензиний савнаас ус илэрчээ

    2020-09-10

    ШӨХТГ-аар тус газраас ЦЕГ, МХЕГ-тай хамтран шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын талаар мэдээллээ. Хяналт, шалгалтыг улс даяар үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад борлуулагдаж буй шатахуун болон шатахууныг гаалиар орж ирэхэд нь шинжилгээ авах гэсэн хоёр үе шаттайгаар хийж гүйцэтгэжээ.

    Улс даяар үйл ажиллагаа явуулж буй 20 ААН-ийн 19 шатахуун түгээх станц, дөрвөн агуулахаас авсаон автобензиний 22, дизелийн 10 дээж бүгд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна.  Харин импороор орж ирж байгаа шатахуун шаардлага хангахгүй байна уу эсвэл хадгалах горим алдагдаснаас болж стандартын шаардлага хангахгүй болсон уу гэдгийг тодруулахаар гаалиар орж ирэхэд нь дээж авч, шинжлүүлэхээр АМГТГ-ын харъяа лабораторид өгчээ.

    “Манайд орж ирж буй шатахуунууд хүнд металл, хүхрийн МАШ өндөр агууламжтай байна”

    МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадорж “Манай улсад импортлогдон орж ирж байгаа шатахуунуудаас гаалиар орж ирэхэд нь дээж авсан. Энэ шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

    Өмнө нь хийсэн хяналт, шалгалтаар импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхэр, марганцын агуулга Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад зааснаас нилээдгүй хэмжээгээр их гарсан.

    Хүнд метал, хүхрийн агууламж өндөр байх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэйгөөс гадна тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна. Евро-5 ангиллын шатахууныг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэв.

    Мөн нафта, керосин зэрэг нэмэлт бүтээгдэхүүн үндсэн хэрэглээнээс маш их хэмжээгээр импортоор орж ирж байна. Харин тус бодисуудыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй учраас шатахуунтай хольж байна гэсэн хардлага байгааг МХЕГ-аас хэлсэн юм.

    Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд эхний дүгнэлтээр,

    • “Тэс Петролуим” ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензины хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
    • “Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензины савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн.
    • “Синчи Ойл” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус илэрсэн.
    • “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ