• Мэргэжлийн яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна

     

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган: Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид бүхэн Улаанбаатар хотын нийт ард иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрүүл, таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулан ажиллах ёстой. Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа. Мөн бидний хувьд зүгээр нэг аян зарлаад өнгөрөх биш аяны хүрээнд хийгдэх бүх ажлыг бодитоор хэрэгжүүлж, хөрсөн дээр амжилттай буулгахын төлөө холбогдох мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.”

     

    Мэргэжлийн яндан хөөлөгчдийг бэлтгэх сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож байгаагаараа онцлогтой. Сургалтыг дадлага, туршлагатай мэргэжлийн инженерүүд зааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгээд байна. Сургалтаар пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөлт гээд бүх талын мэдлэгийг бодитоор үлгэрлэн зааж байгаа юм.

    “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зөвлөх инженер З.Золжаргал: “Өнөөдөр яндан хөөлөх шинэ ажилчиддаа бодит сургалтыг явууллаа. Ханан пийшинг хиймлээр барьж яндан хөөлөхтэй холбоотой бүх мэдлэгийг нэг бүрчлэн үзүүлэн зааж байна. Манай сургалтаар пийшингийн загвар тодорхойлох, худгийн байршил, худгийн тоо, тус бүрийн онцлог, оношилгоо, цэвэрлээ зэргийг зааж яндан хөөлөхөд бүрэн бэлтгэгдсэн ажилчдыг маргаашнаас нь инженерүүдийг дагалдуулан дуудлагат гаргадаг.” гэлээ.

     

    Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны өөрийн дүүрэгт байрлах салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Сургалтанд хамрагдсан иргэд ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангагдаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарах юм. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэнэ.

    Суралцагч У. Амарболд: “Сургалт их сайхан боллоо. Багшилж байгаа инженер бидэнд их ойлгомжтой, энгийн сайхан тайлбарлаж өгсөн. Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худаг харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа гэж бодлоо. Яндан хөөлөгч ямар хэрэгтэйн гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл өнөөдрийн сургалтаар хүмүүс яндангаа ямар их дутуу хөөлдөг, тэрнээсээ болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлгож авлаа. Сургалтанд суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна.”

     

    Суралцагч Р.Улам-Ерөөлт: “Өнөөдрийн сургалтаар яндан хөөлөхөөс эхлээд маш их юм сурч авлаа. Улаанбаатар хотынхоо утааг бууруулах ажилд гар бие оролцохоос гадна ажил мэргэжилтэй болж байгаадаа тун их баяртай байна.”

     

    “Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1500 гаран дуудлагыг хүлээн аваад байна. Үүнээс завсарын баригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Харин бүл муутай өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд , олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүй яндан хөөлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Яндан хөөлөх мэдээлэл, зааварчилгааг 7011-9400 утсаар холбогдон хүлээн аваарай.

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ