• Д.Уранцэцэг:Олон дахин өвддөг бол хоолойны махыг авахуулах л хэрэгтэй

    2020-09-10

    ХУД-ийн эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын Чих хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч Д.Уранцэцэг бидний сайн мэдэхээр хоолойны мах, ангин буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл болон хамар хөндийн үрэвсэл, чихний дүлийрэл өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ.

    Олон дахин хоолой нь өвддөг бол хоолойны махыг авахуулах л хэрэгтэй

    Хоолойны мах, ангингүйлсэн булчирхайн үрэвсэл гэж юу вэ?

    Төрөл бүрийн шалтгаан, нянгаар тагнайн гүйлс үрэвсэхийг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэнэ.

    • Нянгийн гаралтай/Хоолой шууд улайж, халуурч, нэг өдрийн дараагаас халуурч эхэлнэ. 10-14 хоног тасралтгүй антибиотик хэрэглэнэ/
    • Коронавирус, аденовирус зэрэг вирусын гаралтай/Тухайн вирусын эсрэг эмийн бодисыг 7-10 хоног хэрэглэнэ/
    Гүйлсэн булчирхайн өвчин бол удмын биш гэр бүлийн буюу ахуйн замаар халдварладаг өвчин юм.

    Аяга, халбагаа хоорондоо сольдог, идэж байгаа хоол, хүнсээ хольж идэх, нэг савнаас уухтай холбоотойгоор эцэг, эх нь өвчтэй бол хүүхэд нь мөн өвчилдөг.

    Олон дахин хоолой нь өвддөг бол хоолойны махыг авахуулах л хэрэгтэй. Харин олон удаа өвдөхөөс сэргийлэхийн тулд:

    • Сэрүүний улиралд дулаан хувцаслах
    • Өглөө, оройд хоолой, амыг жамц давс, содтой усаар зайлуулах
    • Халуун, дулаан юм уух
    • Хорхойтой шүдийг эмчлүүлэх хэрэгтэй юм.

    Дөнгөж төрсөн үед тагнайн гүйлсэн булчирхай ямар ч үүрэггүй байдаг бол 1-2 настайгаас эхлэн эрчимтэй хөгжиж, хоолой, амыг чийглэх, гаднаас орж ирж байгаа нян, бактерийг устгах үүрэгтэйгээр ажиллаж эхэлдэг байна.

    Хүүхдийн хоолой их өвдөөд байвал дээрх үүргүүдээ биелүүлж чадахгүй болдог. Харин 12-16 насандаа хатингаршиж, тодорхой гүйцэтгэхээ больдог байна.

    Хамар удаан битүү байвал хэнгэрэг цоорох аюултай

    Хамрын битүүрэл нь гэмтлийн, үрэвслийн, эмийн гаралтай байдаг.

    Хамар битүүрлээ гээд дуртай цацлагаа хэрэглэж болохгүй. Хамрын самалдаг агшаадаг эмтэй дусаагуурыг тогтмол хэрэглэснээр эмийн гаралтай хамрын үрэвсэл үүсдэг.

    Хамар битүү удаан явбал чихний үрэвсэл үүсдэг. Хамар, чих хоёрыг холбосон сонсголын гуурсаар хүн найтаах, юм залгих, амьсгал гаргах, авах үед агаарын солилцоо хийгдэж байдаг. Хамар битүү байгаад байвал тэр сонсголын гуурсын салстууд нь үрэвсэж, хавагнаж, дунд чихний хурц үрэвсэл үүсч, улмаар хамраа онгойлгохгүй явсаар байвал хэнгэрэг цоорч, идээ гоожих аюултай.

    Хэнгэрэг цоорсон үед яаралтай эмчлэхгүй бол сонсгол буурах аюулд хүргэдэг. Энэ үед эмийн эмчилгээг хийх боловч төгс эмчилгээ нь хэнгэргийг нөхүүлэх мэс заслын арга юм.

    Бага насны хүүхдийн хамрын сорж цэвэрлэх нь салст нь гэмтэх аюултай

    Хүүхдийн хамар битүү байвал дунд чихний үрэвсэл үүсэх эрсдэлтэй. Нярай хүүхдээ хөхүүлэхдээ хэвтэж хөхүүлвэл хүүхдийн сонсголын гуурс руу шингэн буюу сүү орох магадлал өндөр. Ингэснээр дунд чихний үрэвсэл үүсдэг. Хөхүүлсний дараа бага зэрэг босоо байдалтай байлгах, эгц дээш харуулж хэвтүүлэхгүй байхын зөвлөлөө.

    Бага насны хүүхдийн хамрын сорж цэвэрлэх нь салст нь гэмтэх аюултай. Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ:

    • Доош нь харуулж байгаад цэвэр усаар 4-5 удаа нүүрийг нь булхуулж угаана
    • Нүүрийг нь арчхаас өмнө хэсэг зуур доош нь харуулсан чигтээ байлгана
    • Түүний дараа хүүхэд өөрөө нусыг турхирхыг нь турхирч, нийхийг нь нийгээд гаргана.

    Төрөл бүрийн уусмал дусаахгүй, сорохгүй, ухаж цэвэрлэхгүй байхыг эмч зөвлөлөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ