• Хүүхдийн эрхийг хамгаалах “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

    2020-09-09

    Цагдаагийн байгууллагаас  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн-Монгол” “JCI-Монгол” Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр  хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ.

    “Сүүдэр бүү тусга” арга хэмжээний хүрээнд

    • хүүхдийн, аюулгүй байдал, хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,
    • хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ, мэдээлэл авах,
    • нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.

    Хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтуурах, хувь хүний ёс суртахууны төлөвшил, ухамсрын доголдол, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс гадна хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хохирол учруулж буй шалтгаанаас үүдэн гардаг байна.

    Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр гэмт хэрэгт 5043 хүүхэд хохирчээ. Харин энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд амиа алдаж, 290 хүүхэд гэмтжээ.

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж, хүүхэд амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байна. Агентлагийн хувьд өнгөрсөн хугацаанд хүүхдийн оролцоог хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил явуулж ирсэн. Үүний үр дүнд хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээллийг тогтмол өгөх чиглэлийн ажлууд сайн байгаа. Нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлж, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, хохирч байгаа хүүхдийн талаарх мэдээ мэдээлэлд хариуцлагатай хандахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ