• У.Хүрэлсүх:20 жилд 700-800 тэрбум төгрөг зарцуулж бууруулж чадаагүй утааг 50 хувь бууруулсан нь та нарын гавьяа

    Ерөнхий сайд эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж байна.

    Эхлээд  “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал  М.Ганбаатар хэлэхдээ “Тээвэрлэлт хатаах тоноглолд хэд хэдэн удаа гал гарсныг аврах ангийнхан шуурхай шийдэж унтраасан. Үйлдвэрийн гадна талбай бороо усанд автах зэрэг маш олон бэрхшээлийг давж туулсан. Энэ жил инженер техникийн багийг сайн бүрдүүлсэн. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэшүүлсэн багтай болсон. Үйлдвэрийн шугам бутлуурыг бүрэн шинэчилж зассан. Тоног төхөөрөмж захиалж нөөц сэлбэг хэрэгсэл үүсгэсэн. Үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд автоматжуулалт ашиглалт оруулахаар бэлэн болоод байна” гэлээ.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2018 оны 11-р сард би ирж энэ үйлдвэрийг нээсэн. Өнгөрсөн хугацаанд үйлдвэр маань Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад асар их үүрэг гүйцэтгэж, утааг 50 хувиар бууруулсан. Энэ чухал ажлыг хийсэн нь Тавантолгой түлшийн хамт олон та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байлаа гэдгийг хэлмээр байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэн эгэл баатрууд шүү. Үр хүүхдүүийнхээ ирээдүй, улс үндэстнийхээ сайн сайхны төлөө өдөр шөнөнгүй нойр хоолгүй зүтгэж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

    Агаарын бохирдлыг 20 жил ярьсан. 700-800 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүнд хүрээгүй. Сүхбаатарын талбай дээр боож үхлээ гээд дээшээ хараад хэвтээд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тэр цаг үе хамгийн хүнд хэцүү байсан. Гэр хорооллын утаа ямар байлаа. Нялх хүүхдүүд утаанд төөрөөд явчихдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил энэ асуудал 50 хувиар шийдэгдсэн” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ