• Нийслэлийн удирдлагуудад газраа алдсан гэх “Нар-Мон” компанийн захирал М.Хүрэлсүх шүүхэд хандахаа мэдэгдлээ

    2020-09-07

    “Нар-Мон”ХХК-ийн захирал М.Хүрэлсүх нийслэлийн удирдагуудад 25 жил үйл ажиллагаа явуулсан газраа дээрэмдүүлсэн асуудлаар удаа дараа хэвлэлд хандаж буй. Өнөөдөр тэрээр дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

    Тэрээр, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа 2020 дөрөвдүгээр  сард захирамж гаргаж  “Нар-Мон”  компанийн  Амгаланд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан. Энэ талаар бид тодорхой ойлголтгүй явж байгаад 2020 оны наймдугаар сарын 20-нд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн бичигнээс мэдсэн.

    Захирамжид юуг үндэслэж манай компанийн газрыг цуцалсан бэ гэхээр газрын төлбөрөө төлөөгүй гэдэг асуудлыг тавьсан байсан. Бид Амгалан дахь тухайн газартаа складын аж ахуй эрхэлдэг учраас энэ зун дахин хоёр складыг нэмж барихаар төлөвлөсөн байсан.  Гэвч өнөөдрийг хүртэл манай компанитай холбоотой нэг ширхэг ч нэхэмжлэлийг бидэнд өгөхгүй байгаа. Бид өмнө газрын мөнгөө цаг тухай бүрт нь төлж, тооцоо нийлсэн баримтаа тулгаад явдаг байсан.

    Нийслэлээс газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газрын эрхийг цуцалсан шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргасан. Гэвч тухайн шийдвэр гарахаас 14 хоногийн өмнө манай тооцоо нийлсэн дүнгээр 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй явж байсан юм

    Тус компанийн менежер Г.Золбоот “Манай компани нь 1996 оноос тухайн газарт үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Бид тухайн үед нийслэлийн Засаг дарга байсан Наранцацралтаас “Нар-Мон” ХХК түлш, модон материалын зах байгуулах тухай захирамж авч, захирамжийн хүрээнд гэрээ гэрчилгээг гаргуулж авсан. Мөн сүүлийн 20 жилийн турш төмөр замын болон бусад аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж ирсэн” гэв.

    “Нар-Мон ХХК” долоон хоногийн өмнө уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирээгүй аж. Иймд “НарМон ” компаний өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

    Мөн уг хэрэг нь албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг тул Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарт хандана гэдгээ илэрхийлсэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ