• Хүүхдээ цэцэрлэгт өгснөөр өрхийн орлого 6-15 хувиар өсдөг

    МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнтэй хамтран хийсэн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааг хийсэн байна. Энэ талаар МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд пропессор Б.Алтанцэцэг нар өнөөдөр “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, танилцууллаа.

    Энэхүү судалгааг 2017-2020 оны хугацаанд хийсэн бөгөөд 4000 гаруй өрхийг гурван удаагийн түүвэр судалгаанд хамруулжээ.

    УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ ЭЭЖҮҮДЭД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГДӨГ  

    Эмэгтэй хүн хүүхэд гаргахаар хөдөлмөр эрхлэх боломж нь багасдаг. Тэр дундаа 25-39 насны эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд буурч байгаа нь хүүхэд төрүүлэх, өсгөхтэй холбоотой байдаг. Засгийн газраас улсын цэцэрлэгийн хөтөлбөрийг сайжруулж, хүүхэд асрах үйлчилгээг нэвтрүүлсэн нь ээжүүдэд ажил хийх боломжийг олгож байгаагааг судалгаагаар тогтоожээ.

    Улсын цэцэрлэгт хүүхдээ хамруулснаар

    • Ээжийн тухайн үеийн ажил эрхлэлтийг 8.3%-иар, харин аавынхыг 2.9%-иар өсгөдөг
    • Ээжийн /аавын/ цагийн цалинг 6%-иар өсгөдөг
    • Таваас доош насны нэгээс олон хүүхэдтэй ээжийн цалинг 15.5%-иар өсгөдөг
    • Ээжийн албан секторт ажиллах магадлалыг 10.8%-иар өсгөдөг

    Хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь нэг талаар ээжүүдэд ажил хийх боломжийг олгож байгаа ч нөгөө талаар ханиад томуу, халдварт өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж байгааг хурлын үеэр онцоллоо. Тодруулбал,

    • Ханиад / томууны тохиолдол 9.5%-иар өссөн
    • Эмнэлэгт үзүүүлсэн тоо 15.5%-иар өссөн
    • Халдварт өвчний тохиолдол 33%-иар өссөн үзүүлэлттэй гарсан.

    2016 оноос хойш нийслэлчүүд улсын цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалдаг болсон. Хэдийгээр энэ нь хязгаарлагдмал орон тоог шударгаар хуваарилах арга боловч өмнө жил нь сугалаанд аз дутаж, цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд дараа жил нь цэцэрлэгт хамрагдсан байсан нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнээс харахад бага насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах боломж тэгш бус байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ