• Б.Номин:Хүүхдийн хатиг, буглааг гэрээр дур мэдэн эмчилж, шахаж цэвэрлэж БОЛОХГҮЙ

    2020-09-04

    Дулааны улиралд хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог арьсны идээт үрэвсэл буюу хатиг, буглааг хэрхэн таних, эмчлэх талаарх зөвлөгөөг ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин хүргэлээ.

    Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин “ЭХЭМҮТ-ийн нийт үзлэгийн дийлэнх хувийг хатиг, буглаа буюу арьс, арьсан дорх өөхөн эдийн идээт үрэвсэл эзэлж байна. Хүмүүс үүнийг хатиг, буглаа, MRSA, мундас, ганц хуруудах гэх мэт олон янзаар хэлдэг. Энэ нь нян болон бактерийн шалтгаантай үүсдэг өөхөн эдийн үрэвсэл юм.

    Дулааны улиралд буюу 6-9 дүгээр саруудад арьсны идээт үрэвсэл элбэг байдаг нь дулааны улиралд арьс их хөлрөх, арьсны бохирдол үүсэхэд амархан болдогтой холбоотой. Энэ үед хүүхдүүд гадаа тоглохтой арьсаа шалбалж, гэмтээдэг. Үүнд шумуул хазсан газрыг маажиж арьсыг гэмтээх ч багтана.Энгийнээр тайлбарлахад гэмтсэн арьсны хэсгээр нян, бактери нэвтэрч ороод үрэвсүүлдэг гэсэн үг. Хүүхдийн арьс нимгэн учир арьсанд нян үржих таатай орчин болдог.

    Түүнчлэн дулааны улиралд хөдөө орон нутгаар явах үед хүүхдийн тогтмол усанд орох, ариун цэврээ сахих орчин нөхцөл мууддаг. Мөн улирал солигдоход хүүхдийн дархлаа сулардагтай холбоотой” хэмээн хатиг, буглаа буюу арьс, арьсан дорх өөхөн эдийн идээт үрэвслийн шалтгааныг тайлбарласан юм.

    Тэгвэл хатиг, буглааг хэрхэн таних вэ?
    -Арьсны түвшингээс өргөгдөж, тухайн хэсэг газар хавдсан, улайсан, дарахад эмзэглэлтэй хөндүүр байна.

    Ийм үед өрх, дүүргийн эмнэлэгтээ хандаж болно. Хавдаагүй, эмзэглээгүй бол гэрээрээ ажиглах байдалтай байна.

    Харин гэрээр дур мэдэн эмчилж, шахаж цэвэрлэхгүй, заавал мэргэжлийн мэс заслын эмчээс зөвлөгөө авахыг  анхаарууллаа.

    Урьдчилан сэргийлэх:  
    -Гараа тогтмол угаах, усанд тогтмол орох, ор хөнжлийн даавууг угааж, индүүдэх зэргээр ариун цэврээ сахих

    -Аль болох арьсны бүрэн бүтэн байдлыг хадгалах

    Мөн эцэг,эхчүүдийн ихээр санаа зовнидог метициллинд тэсвэртэй MRSА нянгийн талаар “2020 оны эхний хагас жилд хатиг буглаагаар ЭХЭМҮТ-ийн мэс заслын тусламж авсан хүүхдүүдээс авсан бактериологийн шинжилгээг MRSA хамгийн их байна. Тиймээс эцэг, эхчүүдэд үүнийг айх зүйлгүй, гол нь дур мэдэж гэрээр шахахгүй байх, мэс заслын эмчээс зөвлөгөө авахыг зөвлөе” гэсэн юм.

    • Идээ гарсны дараа өрх, дүүргийн эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмчид хандаж болно.
    • Зөвхөн эмчийн заалтаар антибиотек, нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэнэ.

    Хатиг, буглаа халдварлах уу?

    -Идээ гарсан хэсгийг маажиж, бохирдсон гараар өөрийн арьсны гэмтсэн бусад хэсэгт хүрвэл хүүхдийн энд, тэнд нь халдварлаж гардаг. Мөн эцэг, эхчүдийн хувьд энэ үед мөн л арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан, ахуйн ариун цэвэр сахихгүй бол халдах боломжтой юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ