• Б.Ган-Эрдэнэ:Оройн цагаар нэг дор их хоол идэх нь нойр булчирхай өвдөх үндсэн шалтгаан болж байна

    2020-09-03

    Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Элэг цөс нойр булчирхайн, мэс заслын Ахлах зэргийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван эмч нар нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн шалтгаан, түүний оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ. Нойр булчирхайн үрэвслийг цусны, шээс, биохими, болон анхан шатны эхогоор оношилдог байна.

    Нойр булчирхайг эмгэг өөрчлөлтөд оруулдаг үндсэн шалтгаануудыг авч үзвэл:

    • Цөсний замын чулуужих өвчин
    • Архины хэрэглээ
    • Дааврын эмчилгээ
    • Нойр булчирхайн хортой хавдар
    • Дархлааны өвчин
    • Хилэнцийн хор
    • Цусан дахь кальци ихсэх
    • Цусан дахь өөх, тос ихсэх
    • ERCP буюу дурангийн оношилгоо, эмчилгээний зориулалттай ажилбарын дараа
    • Эмийн шалтгаант байхаас гадна шалтгаангүйгээр өвчлөх тохиолдол ч байдаг байна.
    Цөсний замын чулуужих өвчин болон архины хэрэглээ нь нойр булчирхайн цочмог үрэвслийн 70 хувийг эзэлдэг байна. Click To Tweet

    “Байнгын тогтмол хоол иддэггүй, өглөө гараад л, өдөржин хоосон байж байгаад орой нэг дор их хэмжээтэй хоол идэх нь нойр булчирхай өвдөх үндсэн гол шалтгаануудын нэг болдог. Орой их хэмжээний хоол идчихээд шууд унтаад өгдөг. Нойр булчирхай гэлтгүй хоол боловсруулах эрхтэн, тогтолцооны өвчлөл үүсгэдэг” гэж Б.Ган-Эрдэнэ эмч онцолж байлаа.

    Нойр булчирхайн эмгэг өөрчлөлтийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

    Архаг, цочмог нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүст аюулхай буюу зүүн талаар бүсэлж, ороож өвддөг. Ялангуяа тостой, шарсан хуурсан зүйл идсэний дараа хоол шингэхгүй, гэдэс дүүрэх зэрэг зовиур илэрдэг. Монголд зуны улиралд нойр булчирхайн өвчлөлд илүү их нэмэгддэг байна. Ходоодны өвдөлтөөс ялгаатай нь хоёр талаараа эсвэл зүүн талаар бүсэлж өвддөг. Click To TweetМөн архи уух, тостой хоол идсэний орой, эсвэл маргааш нь өтгөн шингэрэх шинж тэмдэг илэрдэг байна.

    Нойр булчирхайн өвчлөлийн үед:

    • Аль болох бага, багаар хооллох
    • Бараан мах хэрэглэх
    • Сүүн исгэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх
    • Лаазалсан, хуурай амтлагч, бэлэн хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй.

    Нойр булчирхайн эмгэг өөрчлөлтийн үед уламжлалт эмчилгээг ихэвчлэн хэрэглэх бөгөөд уламжлалт эмчилгээнд дараахь зүйлс багтана:

    • Архи, тамхины хэрэглээгээ багасгах
    • Өвчин намдаах эмээр өвчнийг дарах
    • Бага, багаар ойрхон хооллох
    • Нойр булчирхайн фермент агуулсан эм хэрэглэх

    Харин дээрх уламжлалт эмчилгээний аргууд үр дүнгүй болон өвдөлт намжихгүй байх, цөсний суваг нь бөглөрсөн, нойр булчирхайн уйланхай үүссэн, нойр булчирхай орчимд шингэн үүссэн, нарийн болон бүдүүн гэдэсний түгжрэл үүссэн, нойр булчирхай орчмын судаснуудын цүлхэн, бүлэн үүссэн, нойр булчирхайн хорт хавдартай болсон үед мэс заслын эмчилгээг хийдэг.

    Үндсэн дөрвөн төрлийн мэс заслын арга байдгаас нойр булчирхайг бүхэлд нь тайрч авах нь хамгийн томоохонд тооцогддог байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ