• Монгол Улсад оршин суугаа өвөр монголчууд эх хэлээ хамгаалуулахаар НҮБ-д хандлаа

    2020-09-02

    Монгол Улсад оршин сууж буй Өвөрмонголын иргэд, “Тэнгэрлиг ивээл” ТББ хамтран НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишрад өргөх бичиг өглөө. Өргөх бичигт БНХАУ-ын Өвөр Монголд монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр нь олон улсын гэрээ, конвенцийг ноцтой зөрчсөн учраас анхааралдаа авч, хууль дүрмийн дагуу шийдэж өгөхийг хүсчээ. Тодруулбал, Хятадын монгол хэлийг хориглосон шийдвэр нь БНХАУ-ын элсэн орсон дараахь гэрээ, конвенцийг ноцтой зөрчиж байна гэж үзжээ:

    • 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглал- БНХАУ тус тунхаглалд 1992 онд нэгдэн орсон

    /Үндэсний цөөнхөд харъяалагдах хүн бүр өөрийн соёлын ололтоос хүртэх, шашнаа шүтэх, өөрийн хэлээрээ ярих, эх хэлээ сурах, эх хэлнийхээ талаар зохих зааварчилгаа авах эрхтэй/

    • 1989 оны Хүүхдийн эрхийн конвенц-БНХАУ тус конвенцид 1992 онд нэгдэн орсон.

    /Цөөнхөд харъяалагдах хүүхэд өөрийн бүлгийн цөөнхийн хамт соёлоо дагах, шашнаа шүтэх, түүнчлэн төрөлх хэлээрээ ярихад саад болж болохгүй/

    • БНХАУ-ын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Бүх үндэстнүүд өөрийн хэл, бичиг, үсэг, ёс заншил, хэв маягаа шинэчлэх, хамгаалах эрхтэй гэж заасан.

    Дээрх олон улсын конвенци, гэрээг ноцтой зөрчиж хүүхдийн өөрийн эх хэлээр суралцах эрхийг хаан, боогдуулж байгаа тул уг асуудлыг анхааралдаа авч, олон улсын түвшинд зохих хууль дүрмийн дагуу шийдэж өгөхийг хүслээ.

    Энэ үеэр Монгол Улсад суугаа Өвөр Монгол иргэд байр сууриа илэрхийлэв:

    “Тэнгэрлиг ивээл” ТББ-ын тэргүүн н.Чулуунбат “Хятадын бодлогыг үнэндээ гайхаж байна. Монгол үндэстэн бол дэлхийн түүхэнд маш том үндэстэн. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлдэг үндэстний эсрэг хэл, соёлыг нь боох гэсэн гэнэн бодлого явуулж байгаа нь гайхалтай санагдаж байна. Хэдэн мянган жилийн түүхтэй Монголчуудын хэл, соёлыг хэдэн эрх баригчид тогтоол, шийдвэр гаргаад хориглочихож болдог гэж бодож байгаа бол энэ бол том эндүүрэл. Том үндэстнийг ингэж болдоггүй гэдгийг эрх баригчид бодолцож үзэх л ёстой байсан. Ингэж бодохгүй байгаа нь эрх баригчид цаашдаа улс орноо удирдаж явах чадваргүй, алсын хараагүй, үндэстэн хоорондын харилцааны асуудал дээр ямар ч мэдлэггүй гэдэг нь харагдаж байна.

    Олон үндэстнээс бүрдсэн улс ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа нь өөрсөддөө л их аюулыг дуудаж байгаа хэрэг. Хятадын Коммунист нам доторх энэ бүлэглэл Монголчууд нэгдэх, улам хүчтэй болох нөхцлийг нь өөрсдөө бэлтгэн өгч байна”

    “Нэг их айлгаад л, Монголчуудын хэл, соёлыг устгачихна гэдэг бол дэндүү жижигхэн санаа”

    Д.Дамдинсүрэн “Хүүхдүүдийг багаас нь хятад хэлээр хичээл орохыг Өвөр Монголчууд хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд ярьж байгаа үг, хэл тийм амархан ирээгүй, хэдэн мянганыг туулж ирсэн.

    Зарим хүмүүс монголыг их жижигхэн үндэстэн гэж ярьдаг. Бид жижигхэн биш.

    Хятадын засаг төр нь бидний эсэргүүцэж байгааг мэдсэний дараа энэ хэргийг түргэн шийднэ гэж найдаж байна. Одоо эсэргүүцэх арга байхгүй. Зарим сурагчдыг нь хуурч авч ирээд, сургуулиас нь гаргахгүй байна. Нэг их айлгаад л, Монголчуудын хэл, соёлыг устгачихна гэдэг бол дэндүү жижигхэн санаа. Монгол өв, соёл жилийн жилд орших болно” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ