“Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг төрийн 181 үйлчилгээг цахимаар авдаг болно”

2020-09-01

Ирэх сарын 1-нээс албан ёсоор нээлтээ хийх E-Mongolia платформын талаарх мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хүргэлээ. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн бүх үйлчилгээг цахимжуулах зорилтын хамгийн эхний алхам болгож E-Mongolia платформыг ажиллуулж эхлээд буй. Нэг ёсондоо одоо тусдаа салангид байгаа төрийн үйлчилгээний 40 гаруй вебсайт, аппликейшнийг нэг дор нэгтгэснээр, иргэд нэг дороос төрийн 400 гаруй үйлчилгээг авдаг болох юм.

Иргэдийн авдаг 400 гаруй төрийн үйлчилгээ байдгаас эхний ээлжинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 181 үйлчилгээг ирэх аравдугаар сарын 1 гэхэд цахимжуулж гэлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ” Өнөөдрийн байдлаар 46 үйлчилгээг нэвтрүүлээд байна. Албан ёсоор ирэх аравдугаар сарын 1-нээс нээнэ. Ирэх сарын 1-нээс иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болно. Үүнд иргэний үнэмлэх дахиж захиалах, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа  зэрэг үйлчилгээнүүд багтсан.

Цахимжуулалт явуулахад технологийн шийдлээсээ илүү мэдээллийн аюулгүй байдал, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь маш чухал. Үүн дээр Өгөгдөл хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль төслийн хэмжээнд боловсруулагдаад явж байна.

Ерөнхийдөө иргэд авдаг 400 гаруй төрийн үйлчилгээг бий. Эхний ээлжинд ирэх сард 181 үйлчилгээг цахимжуулах бол нийт 400-г ирэх ондоо багтаад дуусгана” гэлээ.

E-Mongolia платформ албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа ч веб сайт ажиллаж эхэлж, иргэд аль хэдийн 29 мянга гаруй лавлагааг аваад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ