• Өвөр Монголоос мэдээлж байна:Тэнд юу болж байгаа талаарх бүрэн мэдээлэл

    2020-08-31

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад  монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гарсныг Өвөр Монголчууд эсэргүүцсээр байгаа аж. Энэ талаар бүрэн мэдээллийг Өвөр Монголоос Сүбээдэй ирүүлснийг нийтэлж байна.

    Юу болж байна вэ?

    2020 оны зургадугаар  сарын эхээр Тунляо хотын (хуучнаар Жирэм аймгийн төв) монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэн тухай мэдээ тархав. Зургаа, долдугаар саруудад эдгээр нь ихэвчлэн дам яриа байсан бөгөөд тодорхой бодлого, зааварчилгаа нийтэд мэдэгдээгүй байсан боловч идэвхтэй хэлэлцүүлгийг өдөөсөн билээ. Энэ хугацаанд орон нутагт эсэргүүцэл гарах эсэхийг тандах зорилгоор төвөөс туршилт явуулсан байх гэж би үзэж байна. Наймдугаар сарын эхээр бага сургуулийн зарим удирдагч нарт “Монгол сургуулиудад холбогдох байдлын тухай статистикийн хүснэгт (бага сургууль + анхан дунд)” (хятадаар 蒙古语授课学校有关情况统计表(小学+初中)) гэсэн гарчигтай файл ирсэн нь удалгүй олны дунд задарсан байна. Үүнд голдуу “Хятад хэлээр заах чадвартай багшийн тоо”, “Зохих хэмжээний сургалтанд хамарсны дараа хятад хэлээр заах чадвартай багш нарын тоо” гэх мэт багш нарын хятад хэл дээр заах чадавхийн талаар тоон мэдээлэл хүссэн агуулгатай асуултууд байсан нь үндсэндээ монгол боловсролын системийг хятад хэлээр заах тогтолцоонд шилжүүлэхэд ажлын хүчний дасан зохицох чадвар байгаа эсэхийг үзэж байсан тул даруй цуу яриа бодит байдал болж хувиран багагүй дуулиан дэгдсэн билээ.

    Наймдугаар сарын дунд хүртэл энэ асуудлын тухай хэд хэдэн албан бичгээс гадна хувь хүмүүсийн утасны ярианы бичлэг задарч (эдгээрийг нотлох баримт бий), мөн боловсролын салбарын удирдагч нар хүртэл байр сууриа олон нийтэд илэрхийлсэн нь томоохон хэлэлцүүлэгт хүргэж, эрх баригчдын эсрэг эсэргүүцэл гарч эхлэв. Түүнчлэн энэ бодлого хэрэгжсэн тохиолдолд багш нар ажил хаяхаа мэдэгдсэн бөгөөд зарим захирлууд хүртэл албан тушаалаас татгалзахаа зарлаж, нутаг нутгийн нэр бүхий хүмүүс дургүйцлээ сошиалаар дамжин илэрхийлэв.

    Наймдугаар сарын 23-ны өдөр монгол сошиал апп Bainu-г тодорхой шалтгаангүйгээр хориглосон бөгөөд WeChat, DouYin (Хятадын TikTok) дээрх бичлэгүүд алга болж эхлэв (хятад хэлээр бичсэн бичлэгүүд нь монголоор бичсэнүүдээс илүү хурдан устсан бололтой). Наймдугаар сарын сүүлчээр энэ бодлого нь Өвөр Монголын ихэнх хэсэгт буюу аймаг бүрийг хамарч, 2020 оны есдүгээр  сарын 1-нд хэрэгжих тухай албан ёсны мэдээ ирэв.

    Олон нийтэд задарсан утасны бичлэгт яригдсан зүйлс дээр үндэслэн үзвэл энэ бодлого нь монгол сургуулиудыг ирэх жилүүдийн туршид зөвхөн хятадаар хичээллэх сургуулийн систем руу аажмаар шилжүүлж, монгол хэл дээр орох хичээлүүдийг үе шатлалтайгаар устгах зорилготой нь тодорхой юм (2022 гэхэд бүх хичээл хятад хэл дээр орно). Хэдийгээр албан ёсны мэдэгдэлд хятад хэл рүү шилжих хичээлийн тоо нь хязгаартай, мөн монгол хэл дээр хичээл заах нь (хэсэгчлэн) үргэлжилнэ гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн захирлуудын өгсөн мэдэгдэл болон бусад WeChat мессежүүд нь Өвөрмонгол дахь монгол үндэстний боловсролын тогтолцоог бүхэлд нь хятаджуулахад чиглүүлж байгааг харуулж байна. Үүнээс гадна БНХАУ-ын үндэсний бодлого болон бодит хэрэгжүүлсэн ажлыг нийтэд нь авч үзвэл энэ байдал нь баттай нотлогдож байна.

    Өмнө нь юу болсон бэ?

    Ердийн үед ирэх хичээлийн жилийн  заах материалыг бэлтгэх  ажил зургадугаар  сард эхэлдэг бөгөөд энэ жилийн яг энэ үед өөр хэлээр заах шаардлагатай болно гэсэн дам яриа Тунляо хотын сургуулиудад гарсан тул орон нутгийн албан тушаалтнууд тайлбар тодруулга хүссэн боловч хариу хүлээж аваагүй ажээ. Хэд хэдэн багш нар хаяанд ирсэн энэхүү бодлогын тодорхой мэдээллийг албан ёсоор хүсэмжилсэн ч тусыг эс олжээ.  Би хувьдаа Хятад улс даяар бусад угсаатан үндэстний бүс нутгийн бодлогын жишээгээр удалгүй ийм бодлого бас Өвөрмонголын монгол үндэсний сургуульд зайлшгүй тулгагдана гэж анхааруулж ирсэн. Мөн ийм зүйл тохиолдсон явдалд Шилийн гол эсвэл Хөлөн Буйр зэрэг уламжлалаа хадгалсан газар нутагтай харьцуулвал хүн ам илүү төвлөрсөн, илүү Хятадын нөлөөнд орсон Тунгляо зэрэг газарт эхэлж хэрэгжинэ гэдэгт би олон жилийн турш итгэлтэй байсан. Үүний гол шалтгаан нь Хорчин (Тунгляо) нутгийн насанд хүрэгчдийн дунд хятад хэл бичиг сайтай хүмүүсийн тоо нь харьцангуй олон бөгөөд Шилийн гол зэрэг газарт ахмад настны дийлэнхи нь хятад хэл бичиггүй байдгаас эрс ялгаатай юм.

     

    Өнгөрсөнд мөн ийм хэлбэрээр буюу Хорчин нутгийн ард түмнийг хятаджуулах бодлогын зуучлагчийн дүрд оруулж тэдний дунд хамгийн түрүүнд хятаджуулах бодлогыг хэрэгжүүлж байсан түүхэн баримт буй бөгөөд энэ удаа дахин бодлогын анхны ачааллыг энэ нутгийнханд үүрүүлж байна. Мөн анхандаа хүчтэй эсэргүүцэхгүй байсан нь дээд шатны байгууллагуудыг энэ бодлогоо үргэлжлүүлэхэд түлхэц өгсөн байж болзошгүй юм.

    Ихэнх өвөр монголчууд БНХАУ-ыг бусад үндэстэн ястнууд дээр ийм бодлого явуулдаг талаар бараг мэддэггүй боловч хэдэн жилийн өмнө (2017 оны зун) тэдэнд анхааруулга болох ‘Баянголын үйл явдал” өрнөж, монгол угсаатны голлон суурьшдаг нутаг дэвсгэр Шинжаанын ӨЗО-ны дээрх аймагт боловсролын системийг хятаджуулахыг шахан тулгаж, монгол хэлээр хичээл заахыг бүрмөсөн зогсоосон билээ. 2019 оны 7-р сарын 15-ны өдөр Ши Жиньпин Өвөр Монголд хоёр дахь удаагаа айлчилж (анхных нь 2014 онд), олон сургууль, их сургуулиудын үйл ажиллагаатай танилцсанаас Өвөр Монголын их сургуультай танилцсан нь нэн анхаарал татахуйц билээ.  Тэр үед уг айлчлалыг амжилттай болсон гэж үзэж байсан боловч энэ бодлогын хэрэгжилттэй холбоотой эсэхийг хүмүүс одоо асуугаад эхэлж байна. 2019 оны 12-р сарын 17-ны өдөр Цогбаяр, Пэн Сингян, Ли Сюйчуан, Жу Вэйчуан, Хоу Аймин гэсэн хүмүүсийн нэр доорхи нэгэн албан бичиг задран дэлгэгдсэн бөгөөд үүнд цөөхөн тоот угсаатанд хос хэлээр хичээллэх нөөцийг боловсруулахад 6 сая юанийн төсөв гаргасныг үзүүлжээ.

    Тун удалгүй, 2020 оны хавар Бээжингээс ирсэн сурвалжлагчид Тунляо хотын хэд хэдэн сургуульд зочилж, зарим монгол хүүхдүүдтэй харилцан ярилцаж чадаагүйдээ гайхан алмайрч, түгшүүртэй байсан зэрэг санал бодлыг хуваалцсан билээ.

    Энэхүү айлчлал нь Бээжин дэх боловсролын байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өдөөхийн тулд зориудаар төлөвлөгдсан байсан бололтой. Нэрээ нууцалсан хэд хэдэн монгол профессор надад эдгээр сурвалжлагчид нь Бээжингийн дээд шатны байгууллагуудтай нягт холбоотой бөгөөд нэгэн нууцлагдсан тайланд эх орныхоо хүмүүстэй холбоо тогтоож чадахгүй байгаа нь ирээдүйд бослого гарах магадлалыг ихэсгэнэ гэж дүгнэлт гаргасан гэж хэлсэн юм. Энэ тайланг хэрхэн хүлээж авсныг би мэдэхгүй боловч зургадугаар сарын 1-нд Тунляод хэрэгжүүлэхээр зарласан энэ бодлогын хүрээ нь удалгүй (наймдугаар  сарын 17-ны өдөр) Өвөр Монголын бүх үндэстний сургуулиудыг хамрахаар өргөжсөнөөс таамаглахад бэрх биш юм.

    БНХАУ-ын Засгийн газрын гол зорилго бол бүх ард түмнээ бүх талаар жигдрүүлэх юм. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд ард түмнээ нийтээр нь баривчлахад хүрсэн ч буцахгүй болсон нь тодорхой бөгөөд Төвөд, Шиньжаан болон Хонконгод олсон “амжилт” нь улам түлхэц болж байгаа бололтой. Өвөрмонголчууд хангалттай хурдан хятаджихгүй байна гэж намын тэргүүлэгчдээс олонтаа гомдоллосон. Тэгэхээр Ши Жиньпиний айлчлалыг жишээ болгон авч үзвэл Хятадын Засгийн газар нь нэр дээрээ өвөр монголчуудыг үндэсний эрхээ эдлэж болно гэж хэлээд нидэр дээрээ хос-хэлний бодлого гэх зэрэг аргаар хятаджилтыг улам хурдасгахыг шаардаж байгаа юм. Өнөөгийн цар тахалтай үед Өвөр Монголд гаднын иргэд бараг байхгүй байгаа нь  Засгийн газарт нуун далдлах үйл ажиллагааг илүү үр бүтээлтэй хийх боломжийг бий болгож өглөө.  Ши Жиньпиний айлчлалаас авахуулаад бэлтгэгдсэн бололтой энэ хос-хэлний сургалтын бодлоготой холбогдох санхүүжилт нь 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд удалгүй хэвлэл мэдээллээр Өвөр Монголд хятад хэлний түвшин сул дорой байна хэмээн цухалдаж эхэлсэн. Шиньжаан, Хонконгод авсан арга хэмжээний адил Өвөр Монголд бас вирусыг шалтаг болгож ард түмнийг цуглаж уулзахаас сэргийлж олон нийтийн үзэл санаагаа илэрхийлэх боломжийг боогдуулж байна.

    Хариу арга хэмжээ

    Өвөр монголчууд (онцлон дурдахуйц – цөөнгүй хятад угсаат оршин суугчдын хамт) үүнд идэвхтэй хариу арга хэмжээ авч байна.

    ҮҮНД:

    1. Есдүгээр сарын 1-ний өдөр хот бүрт, хотын төв талбай бүрт хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцлийн жагсаал хийх,
    2. цэвэр монгол хэлээр ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ заах,
    3. энэ бодлогыг цуцлахыг хүссэн өргөдлийн дор гарын үсгийг холбогдох утас хурууны хээний хамт цуглуулах,
    4. мөн үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн аль ч сургуульд явуулахаас татгалзах зэрэг зүйлсийг уриалж байгаа юм.

    Хэдийгээр үүнд маш олон хүн оролцож байгаа ч баривчлагдах, ажил сургуулиасаа хөөгдөх, түүнээс болж тэтгэвэр цалингүй болох эрсдэлтэй гэдгээ тэд ойлгож байгаа.

    Эцэг, эхчүүд ялангуяа х үүхдээ сургуульд хүргэхгүй байхыг   хамгийн их дэмжиж байгаа ажээ. Дээр дурдсанчлан Тунляо хотын сургуулийн үүдийг цагдаа нар хааж эцэг эхчүүдийг хүүхдээ авахад саад болсон бол Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны монгол дунд сургуулийн урд ирсэн эцэг, эхчүүдэд дотуур байранд суугаа хүүхдүүдийг нь амар тайван, эмх цэгцтэйгээр хувийн эд зүйлстэй нь хүлээлгэж өгсөн байна. Мөн сүүлийн өдрүүдэд олон багш нар ажлаа хаясан бөгөөд үүнийг дагаад эсэргүүцэл огцом ихсэв. Мөн сошиалаар сургуулиуд монгол сурах бичгийг устгаж байгаа гэх яриа тархаж эхэлсэн  сацуу зарим номын дэлгүүрүүд сурах бичгүүдийг нуун далдлахыг уриалахын хамт эцэг, эхчүүдэд үнэгүй тарааж байгаа ажээ.

    Хэдийгээр есдүгээр  сарын 1-ний өдөр жагсаал цуглаан хийхийг уриалсан постууд их хэмжээгээр тарж байгаа ч эдгээрийг хэн анх зохион байгуулсан нь тодорхой бус. Зарим багш нар энэ асуудлын тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон багш нар үнэ төлбөргүйгээр сургуулиас гадна хүүхдүүдэд хичээл заана гэж зарласныг дэмжин зарим хувийн аж ахуй эрхлэгчид түр анги танхимаас эхлээд хичээлийн хэрэгслээр хүртэл хангахаа мэдэгдээд байна. Гадаадад суугаа өвөр монголчууд энэ тухай Япон, Монгол улсад жагсаал зохион байгуулж байгаа хэдий ч Өвөр Монголд болох жагсаал нь гадаадаас зохион байгуулалттай байна гэж хэлэх баримт байхгүй.

    Хариу – хариу арга хэмжээ

    2020 оны зуны туршид чимээгүй байсан төр, засаг харин наймдугаар  сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Боловсролын товчоогоор дамжуулан олон нийтийн санал бодол, асуулт болон зөвлөгөөг эрэлхийлсэн онлайн болон цаасан хэлбэрээр холбогдох хаяг зарласан ч энэ асуудлаар хараахан ярилцлага, албан ёсны тайлбар өгөөгүй байгаа бөгөөд утасны дуудлагыг хүлээн авахгүй байгаа юм байна. Үүнийг олон хүмүүс олон нийтийн эсэргүүцлийг дарж нээлттэй хэлэлцүүлгийг хаагдмал гарц руу маневрлах оролдлого гэж тайлбарлаж байгаа. Мөн шинэ бодлогын чиг хандлагын тухай олон нийтийн байр суурь тодорхой бөгөөд нэгдмэл байгаа тул орон нутгийн Засгийн газрууд угаас ойлгомжтой зүйл дээр нэмэлт тайлбар тавих шаардлагагүй гэж үзэж байгаа ажээ. Гэсэн хэдий ч үзэл бодлын талаархи хүсэлтийг өргөн хүрээнд хуваалцсан бөгөөд одоо болтол үүнээс ямар нэгэн дүгнэлт буюу хариу зарлагдаагүй байгаа ажээ.

    Наймдугаар сарын 28-ны өдөр Жарууд хошууны эцэг, эхчүүд сургуулиудад хүчээр орж, хаалгыг нь эвдэж, хүүхдүүдээ сургуулиас нь авч гаргав. Мөн өдөр Хөххотод Өвөр Монголын Багшийн их сургуулийн харьяа дунд сургуулийн гадаа гарын үсэг цуглуулж байсан эцэг эхүүдээс цагдаа нар өргөдлийг нь булааж авсан бөгөөд үүнтэй холбогдож тодорхой бус тооны хүмүүсийг баривчилсан байна. Дараах өглөө (8-р сарын 29) цагдаа нар цар тахал өвчний улмаас их хэмжээний хүмүүс цугларах нь аюултай гэсэн мэдэгдэл хийхийн зэрэгцээ ӨЗО даяар монгол сургуулийн урд автомашинтай   цагдаагийн ангиуд байрлуулсан байна.

    Цар тахлын аюул нүүрлэж байгаа бол хүүхдүүдийг харин ч сургуулийн орчинд байлгах ёсгүй гэж, эсвэл өөр байр сууринаас  эсэргүүцсэн эцэг эхчүүдэд багагүй сүрдүүлгийн маягтай утасны дуудлага ирж байгаа ажээ. Жишээлбэл, эцэг эхчүүдэд нэг монгол багш утсаар ярьж “хүүхдүүд чинь ирээдүйгүй болно”, “хүүхдийн чинь нэрийг хар дансанд оруулж их сургуульд элсүүлэхгүй, ажилд оруулахгүй” гэх мэтээр заналхийлж ярьсан бичлэг нь сошалаар тархсан. Үүнээс гадна Их Британи, Австралид сурч байгаа оюутнуудыг утсаар сүрдүүлж, энэ асуудлын тухай гадны хэвлэл мэдээлэлд, мөн сошиал дээр санал бодол, мэдээлэл хуваалцахыг хатуу хориглож байгаа гэнэ. Эдгээр сурагчдын Өвөр Монгол дахь гэр бүлийг мөн сүрдүүлсэн байна. Зарим айлуудын хаалгыг хүртэл дүрэмт хувцасгүй цагдаа нар тогшиж жагсаалд оролцохгүй байх буюу “нийгмийн тогтвортой байдалд” халдахгүй байхыг шаардаж айлгасан бөгөөд зарим томоохон хувийн аж ахуйгаас хүртэл ажилтан хамт олондоо энэ тухай эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж айлган сүрдүүлсэн байна.

    Хятадын төвийн бодлого

    “Нэгдсэн улс нь нэгдсэн соёлтой байх ёстой. Үндэстний сэтгэл зүйн өвөрмөц байдал нь үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх гол цавуу болох хэл, бичгийн нэгдсэн систем дээр суурилдаг” – Энэ бол Хятадын бүх үзэл суртлын ухуулгын вэб сайтуудад гарч байгаа зарлал бөгөөд үүгээр энэ шинэ бодлогыг хамгаалж байна. Энэ зарлал дахь зарчим нь шинэлэг зүйл биш бөгөөд олон хятадууд үүнийг эртний хаан Чин Шихуаны (Хятадад гүрэн улсыг үндэслэгч гэж үздэг) “дэлхий ертөнцийг” нэг хэлээр нэгтгэнэ гэсэн ойлголттой холбож байна.

    Цөөнгүй хуурамч эрдэмтэд Хятад улс нь АНУ-ын “хайлуулах тогоо” гэж алдаршсан олон соёлыг нэгэн зэрэг дэмжих үзэл санааг үлгэр дуурайл болгон ирээдүйг зорьж, өнгөрсний үндэстний мөргөлдөөнийг умартах хөтөлбөрийг дагаж байгаа талаар өгүүлэл гаргажээ. Ийм онолын нэгэн жишээг дурдбал “угсаатны нутаг дэвсгэр” гэсэн ойлголт нь улс орны тогтвортой байдалд зайлшгүй заналхийлдэг гэсэн санаа болно. Шинжаан, Төвөд, Хонконгод болсон “урвагч” үйлдлүүдийг эдгээр нутгийнхны түүхэн харилцаа холбоосууд нь хятадаас хөндий байдгаас үүдэлтэй гэж олон хүмүүс дүгнэжээ. Ийм нийтлэлүүдэд голдуу үгийн сонголтыг нямбай хийж, ийм санааг олон үндэстний эрх тэгш байдлыг дэмжих, үндсэн хуулийг мөрдөх, улс үндэстнийг нэгдсэн байр сууриас хөгжүүлэх уриалга зэрэг бусад улс төрийн хувьд онцлох зүйлгүй ойлголтоор дамжуулан тойруулсан аргаар илэрхийлдэг. Тухайлбал, эдийн засгийн солилцоог дэмжих, цөөхөн-тоот угсаатнуудын амьжиргааг дээшлүүлэх, социалист үзэл суртлыг баримтлах хэрэгтэй зэрэг зүйлсийг санал болгох нь бүгд бодит хэрэгжилт дээрээ үндэстэн гэдэг ойлголтыг газар нутгаас салгах зарчимтай байдаг. Иймэрхүү “нэгтгэх” бодлоготой байнга уялдаж байдаг бас нэг далд санаа нь Шиньжааны жишээг анхааруулга болгон, энэ нутагт болсонтой адил шашны “хэт даварсан” идэвхит байдал, үндэсний нутаг дэвсгэр дэх үймээн самуун зэрэг зүйлсээс зайлсхийхийг зорилго болгох зүйл мөн. Үндсэндээ эдгээр нийтлэл, өгүүллүүд нь БНХАУ гэдэг зохиомол бөгөөд нэгдмэл үндэсний үзлийг дэмжихэд хэрэглэх улс төр, эдийн засаг, соёлын арга замуудыг тодорхойлоход чиглэдэг.

    Энэхүү монгол сургуулийн хичээл орох хэлийг солих бодлогыг бусад төрийн бодлоготой нягт уялдаатай байгааг нотлох бас нэгэн үзэгдэл бол БНХАУ-ын улс даяар хятад хэл яриаг стандартжуулан “Улсын нэгдсэн аялгуу” (Футунхуа)-г тараахад ашигласан арга барилд оршино. Энэ аялгуун дээр үндэслэсэн боловсролын тогтолцоог бүрдүүдэхэд намын батласан тусгай сурах бичгийг ашиглаж, өөр хоорондоо огт нэвтрэлцдэггүй хятад хэлний олон аялгууг хүүхэд багачуудынх нь боловсрол хүмүүжлээр дамжуулан аажмаар устгах замд гарсан байгаа билээ.

    Төв болон ӨЗО-ны аль нь вэ?

    БНХАУ төрийн хүчийг асар их төвлөрүүлсөн байдгийг, мөн монголчуудын институци нь огтхон ч бие даасан байдалгүйг авч үзвэл цагдаагийн байгууллага нь орон нутгаас хараатай байх ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Төвийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын хийсэн айлчлалууд болон бусад үндэстэн ястнуудын нутагт ижил төстэй бодлого явуулж байгаа нь энэ хэрэгт ӨМӨЗО-ны Засгийн газар нь оролцохгүй бөгөөд үүнээс сэргийлэх сонирхолгүй байгааг нотолж байна. Уг бодлогыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Өвөрмонголын монголчууд зөвхөн өдөр тутмын амьдралыг зохион байгуулсан механизмыг дагахад л хангалттай бөгөөд хэдийнэ аль ч зэрэг шатлал дахь албан хаагчдаас уг бодлогын хүрээнд хамтарч ажиллахад бэлэн монгол угсаатай этгээдүүд элбэг байгаа юм. Түүнчлэн тэд бүс нутгийн сургуулийн удирдагчид, эцэг эх, багшийн бүлгүүдэд айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж байгаа ажээ (WeChat бүлгүүдэд ийм сүрдүүлэх тактикийг хүлээж авсан хүмүүсийн хуваалцсан бичлэгүүд үлэмжхэн байгаа). Дээр дурдсан Цогбаяр гэх мэт монголчууд Бээжин дэх Засгийн газраас даалгавар авч байгаа нь илэрхий. Өвөрмонголын ахмад настнуудын хувьд энэ бодлого бол, хэдийгээр нэрийн төдий болсон ч, тэдний үеийнхний амь насаараа хамгаалж ирсэн автономит эрхэнд хамрагдах зүйлсээс дахиад л нэгийг хасч, “өөртөө засах” байдлыг устгахад чиглэсэн гашуудалтай алхмуудын нэг нь л болж байна. Өвөр Монголчуудын бодит байдлыг Өвөр Монголын нутаг дахь жирийн хятад оршин суугчид ихэвчилэн ойлгодоггүй бөгөөд үүнээс үүдэж соёлын хэмжээнд үл ойлголцол гарах нь энгийн үзэгдэл. Гэтэл Бээжингийн эрх баригчдын дунд ч Өвөр Монголын тухай бодит цогц ойлголтгүй бөгөөд тэд зөвхөн Өвөр монголчууд тодорхой бус аль нэгэн өнгөрсөн цагт ямар нэгэн байдлаар өөрсдийн соёлын өвөрмөц байдалтай болж, монгол боловсролыг өргөжүүлж чадсан гэдгийг мэдэхийн төдий л. Ийм бодлого хэрэгжүүлэхээр оролдож байгаа нь Бээжинд Өвөр Монголын амьдрал, хөгжлийн талаар бодитой ойлголтгүй байгааг харуулж байгаа ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг үгүйсгэсээр байна.

    Өвөр Монголыг  Төвөд болон Уйгарын Шиньжааны өөртөө засах оронтой харьцуулах аргагүй юм. Төвдөд Хятадын зэвсэгт хүчин 1950 онд хүчээр дайлж орсноос эхэлж Далай ламын удирдлага дор Төвөдийн асуудал аль хэзээ олон улсын хэмжээнд хүрсэн билээ. Мөн Шиньжаанд явуулж байгаа хэрцгий дарангуйлал нь сүүлийн жилүүдэд хурцадсан тул бас тодорхой хэмжээнд дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Эдгээр газруудад тусгаар тогтнолын тодорхой ардын хөдөлгөөнүүд үнэхээр өрнөсөн бөгөөд терроризмаас авхуулаад өөрийгөө шатаах хүртэл аргаар Хятадын Засгийн газартай тулалдаж ирсэн түүхтэй. Үүний үр дүн нь БНХАУ-ын зэвсэгт хүчний хагас нь энэ хоёр нутагт байрласан бөгөөд Орвелийн төсөөлсөн мэт дарангуйллын дистопийн тогтолцоотой болж гаднын хэвлэл мэдээлэл огт орох эрхгүй болсон.

    Өвөр Монголд ийм тусгаар тогтнолыг эрэлхийлсэн хөдөлгөөн байхгүй бөгөөд намын эсрэг бага хэмжээний элементүүдийг 1950-иад онд аль хэзээний устгасан билээ. Мөн үүнээс өмнө маршал Х.Чойбалсан Өвөр Монголыг шингээж авахад Сталины дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд үүний улмаас Өвөр, Ар Монголын хооронд маш тодорхой хил заагийг зурсан билээ. Үүнээс хойш Өвөр Монголд терроризм, шашны туйлширсан хөдөлгөөн байтугай Ар Монголтой хүртэл хамтрах ямар нэгэн үндэсний үзэлт үйл ажиллагаа явагдаагүй нь үнэн (Улаанбаатар дахь Засгийн газар Хятадтай байгуулсан статус квог өөрчлөхөөс эмээдэг бололтой). Тиймээс сүүлийн жилүүдийн уламжлалаар бол Өвөр Монголчуудыг үлгэр жишээч цөөхөн тоот үндэстэн гэж хэлдэг ажээ.

    Монгол хэлний эзэмшлийн байдал

    Онлайн эсэргүүцлийн нэгэн голлох санаа нь мөн тоо томшгүй олон судалгааны тайлан болон албан мэдэгдэл дээр олон жилийн өмнөөс дурдагдсан монгол хэлний устах аюулд орчихсон байгаа бодит байдал билээ. Өнөөгийн залуу үеийнхэн бүгд монгол хэлний өндөр түвшний мэдлэгтэй болох боломжгүй гэдгээ мэддэг бөгөөд тэдэнд байнга хятад хэлээр ярих шаардлага тулгардаг. Тэр бүү хэл, баклавраас дээш эрдмийн зэргийн (монгол хэл, уран зохиол гэх мэт монгол хэлнээс салшгүй сэдвүүдээс бусад) бүх сургалтыг Өвөр Монголын их сургууль, коллежи бүрт хятад хэл дээр заадаг. Ахмад настнууд монгол хэлээ мартаж байгаа гэж хүүхдүүдээ хэчнээн шүүмжлэвч  хэлээ алдах энэ хандлагыг зогсоож, хэлийг нь эргүүлж сэргээж чадахгүй байгаа нь андашгүй зүйл болоод удаж байгаа. Ингэж монголчуудын хэл соёл хятададжиж байгаа нь хотжилтын ч нөлөөтэй.

    Үүнээс гадна сүүлийн үед БНХАУ-ын эрх баригчид бүр монгол хэлийг эзэмших хэрэгтэй гэсэн эрмэлзэлтэй болж байгаа бөгөөд саяхан олон улсын програм хангамж хөгжүүлэгчид ‘Уламжлалт монгол бичиг’ хэмээх бичгийн сонголтыг сэмээрхэн ‘Хятад (хэл)’ гэсэн гарчиг дор оруулсан байна. Мөн 2017 оноос эхэлж Өвөрмонголын хоёр хэлний  сонголттой бүтээгдсэн вэб сайтууд “Монгол хэл” гэсэн сонголтоо устгасаар байгаа.

    2018 онд Өвөрмонголын их сургуулиас шинэчлэгдсэн монгол толь бичгийг гаргасан бөгөөд  олон зуун хятад үгсийг шууд галиглан монгол хэлний үгийн санд оруулсан нь олон нийтээс ширүүн шүүмжлэл дагуулсан билээ. Гэвч энэ толь бичгийг ихэнх хүмүүс нухацтай авч үзээгүй. Эрдэмтэн судлаачдыг Хятадын эрх баригчдад бууж өгч монгол хэлийг хятадчилахдаа инээд хүргэмээр оролдлого хийснийг нь шоглож л байсан юм. Он жил дараалан төгсөлтийн ёслолын үеэр хятад, монгол хоёр хэл дээр дарцаг уриагаа зэрэг хаддаг байсан бол энэ жил Өвөр Монголын бүх их, дээд сургуулиуд энэ уламжлалаа гэнэт халж, зөвхөн хятад хэл дээрх үсэг тэмдгүүд өлгөсөн байна.

    Жил ирэх тусам доройтож байгаа хэлний асуудал нь улам бүр яригдах сэдэв болж байгаа ч үндэсний хэлийг нэг дор устгахыг зорьж буй цогц бодлого байхгүй. Хятад улсын бусад бүс нутгийн нэгэн адил энэ үйл явц нь дасан зохицохын нэг хэлбэр юм. Устгалын цогц бодлого үнэндээ байхгүй гэдгийг нотлох зүйлсээс юуны түрүүнд Хятадын эрх баригчид монгол хэл, ялангуяа бидний өвөрмөц босоо бичгийг эзэмшихийг зорьж байгаа (үүнийг бас Монгол Улс дахь хувилбараас холдуулахыг хичээж байгаа). Үүний зэрэгцээ, жил ирэх тусам монголчууд өдөр тутмын амьдралд хятад хэлээр ярих шахалт дарамт ихэсч байгаа хэдий ч интернэтийн хэрэглээг харахад Хятадын эрх баригчид монголчуудын хоорондоо харьцахад хэрэглэх хэлийг хянаж чиглүүлэх тодорхой арга хэмжээ авахгүй байгаа эсвэл авах чадваргүй байгааг ажиглаж болно. Гэвч монголчуудын голлон хэрэглэх сошиал-медиа платформ болох ‘Байну’-г хориглох нь монголчуудын монгол хэлээр ярих, илэрхийлэх боломжийг эрс хязгаарласан (үүнийг монгол бичгийг хэсэгчлэн хориглосон гэж үзэж болно) боловч энэ нь эсрэгээрээ Өвөр монголчуудын хувьд WeChat дээр ашиглах хэлний сонголтыг мэдрэмтгий асуудал болгон хувиргаж, эцэстээ монголоор ярьж бичих үзэгдлийг нэмэгдүүлж байна. Үүнтэй төстэй олон талаар энэ бодлого нь монгол хэлийг дэмжих ухамсрыг цочир сэргээж, бий болгож байна.

    Би хувьдаа бол үүнээс өмнө хэзээ ч сошиал дээр ийм олон цэвэр монголоор бичсэн бөгөөд ярьсан постуудыг нэгэн зэрэг харж байгаагүй. Энэ нь Өвөр монголчуудын ихэнх нь хэлний асуудал дээр огцом мэдрэмтгий болсны шууд үр дүн юм.

    Хэдийгээр ийм үр нөлөө ажиглагдаж байгаа ч зарим хүмүүс энэ бодлого нь монгол хэлийг бүрмөсөн хориглоогүй ч дамжин улируулах замналыг нь таслаж байгаа нь Өвөрмонгол дахь монгол хэлийг эсхатологийн төгсгөл рүү нь чиглүүлсэн томоохон алхам гэж үзэж байгаа.

    БНХАУ-ын үндэстэн угсаатны дунд, нэн ялангуяа өөрсдийнх нь гэсэн нэртэй нутаг дэвсгэрт, үндэсний үзэл өргөн тархаж байгаа нь эргэлзээгүй бөгөөд үүнийг Өвөр Монголын харьцангуй мэдлэгтэй монгол залуус, ялангуяа дээд боловсрол эзэмшиж, гадаадад сурч байгаа хүмүүс илүү мэдэрч байгаа. Дээр дурдсан 2017 оны “Баянголын үйл явдал” олон өвөр монголчуудыг сэрээх томоохон сануулга байсан боловч зохион байгуулалт, удирдлагагүйгээр эсэргүүцэл нь удалгүй замхарсан билээ. “Баянголын үйл явдал”-ын дараа Өвөрмонголчуудын дунд ийм бодлогыг өөрсдийн оронд удалгүй ирнэ гэж урьдчилан таамаглаж байсан нь өнөөдөр биелэж байна.

    Хэдийгээр Ши Жиньпин айлчлал хийж “… өөрийн соёлыг бусдынхаас давуу гэж, эсвэл бусад соёлыг орлож чадна гэж бодох нь тэнэг хэрэг” гэж хэлснээ сурталчилж, мөн “үндэсний соёлыг өөрийн чиг баримжаагаар удирддаг байх шаардлагатай” гэж тушаасан боловч эдгээр үгс нь одоогийн бодлоготой нийцэхгүй байгаагаар барахгүй өнөөдөр үндсэрхэг үзэл нь БНХАУ-ын өнцөг булан бүрт хүрч байна. (Сонирхолтой нь эдгээр үгсийг сошиалаар шинэ бодлого нь Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчиж байгааг нотлоход ашиглаж, түүнийг цуцлахын үндэс болгон хуваалцаж байна.) Наймдугаар сарын 22-нд Шилийн Гол аймгийн Боловсролын товчоо “Хятад хэлний үндэсний нэгдсэн заавар” -ын дагуу шинэ арга хэмжээг хэрэгжүүлэх тухай мэдэгдэл гаргажээ. Эдгээр арга хэмжээнд одоо байгаа монгол сурах бичгийг устгах, Хятад улсын үндэсний сурах бичгийг нэвтрүүлэх, аймгийн хүрээнд бага, дунд сургуульд хятад хэлээр заах багш нарыг сургах гэсэн зүйлс багтаж байна. Тухайн өдөр Өвөр Монголын өнцөг булан бүр дэх боловсролын байгууллагуудаас мөн ижил мэдэгдэл гаргасан бөгөөд эдгээр мэдэгдлүүд нь бүгд Өвөр Монголын өөртөө засах орны Боловсролын яамнаас боловсруулсан заавар байсан аж. Энэхүү хаяг нь автономит засаг захиргаа өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн дээрээс дарамтгүйгээр ажиллаж байгаа мэт дүрийг үзүүлж байгаа ч өнгөрсөнд хэрэгжүүлсэн Шиньжаан, Төвөд дэх ижил төстэй бодлогууд, мөн өнөөгийн энэ бодлогыг ӨМӨЗО-оос гадна (Сычуань, Гансу, Хөхнуур [Цинхай], Жилин, Ляонин гэх мэт мужийн монгол угсаатны сум тойргуудад) нэгэн зэрэг зарлаж байгаа нь энэ бол хэрхэвч орон нутгаас санаачлан явуулж буй зүйл байх боломжгүйг батлаж байна.

    Нэгтгэх үзэл суртал

    БНХАУ-д үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах үндсэн хууль, тогтоомж хүчинтэй байгаа хэдий ч тэдгээрийг зөрчиж байгаа бодлого хэрэгжих боломжтой байхын гол шалтгаан нь “Нэгтгэгч Ху” (Ху Лияньхэ) хэмээгч хуурамч эрдэмтний газар авч байгаа онолуудтай шууд нийцэж байгаад оршино. Хятадын Засгийн газар энэ бодлогыг онцгой байдлын улмаас, өөрөөр хэлбэл “террорист халдлага” (2014 оны 3-р сарын 1-ний өдөр Кунминг галт тэрэгний буудал дээр 21 хүн амиа алдсан халдлага гэх мэт), үймээн самуун, хэт туйлшрал (эдгээрийг “Гурван муу” гэж нэрлэдэг) гэх зэргээс үүдэлтэй гэж мэдэгдэж байна. Хоёр дахь үеийн угсаатны бодлого нь салан тусгаарлах үзэл баримтлал буюу уйгар, төвөд ард түмний хөдөлгөөнөөс намын засаглалд үзүүлж буй аюул, асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Урьд дурдсанчилан ийм бодлогыг АНУ-ын загвар дээр суурилсан гэж тайлбарладаг билээ. Чингээд ийм онолуудыг “нээлттэй” хэлэлцүүлж, тэргүүлэх их дээд сургуулиудын намын гишүүд, их сургуулийн эрдэмтэн судлаачдын магтаалд хүргэх зорилгоор мэтгэлцээний сэдэв хүртэл болгож байсан. Гэтэл тэдгээрийн хэрэгжилт, холбогдох арга хэмжээний тухай бараг ярьдаггүй юм. Үүнээс гадна ерөнхий байдлыг үзвэл илүү хятаджисан угсаатны бүлгүүд давуу эрх мэдэлтэй байгаа тул энэ нь хятаджаагүй бусад үндэстний соёлыг сүйтгэх буюу хамгийн гол нь тэдний хэлийг устгах нь бичигдээгүй зарчим болсныг гэрчилнэ. Өнөөгийн энэхүү хоёр-хэлийн бодлого нь Ху Жинтаогийн доор байгуулагдсан, Ши Жиньпин хурдасгасан “Хоёр дахь үеийн угсаатны бодлогын” шууд үр дүн мөн гэдэгт эргэлзэхгүй байна.

    Хятадаар цаг үетэйгээ нийцэх тухай ярихад “Шы” (хандлага) гэдэг үгийг байнга ашигладаг бөгөөд энэ нь эртнээс Хятадын түүхэн прогрессивист үзэл санааг илтгэсэн ойлголт юм. Үүний цаана байгаа үндсэн санаа нь төр баригчид тухайн үеийн үндэсний нийтлэг хандлагыг дэмжих хэрэгтэй гэсэн санаа бөгөөд үүгээр социалист хоёр дахь үеийн угсаатны бодлогыг бас тайлбарладаг. Тэгэхээр хөгжил дэвшлийг хадгалах нь төрийн үүрэг болж таарах бөгөөд одоо үеийн түүхийн урсгалын гадна сууж байгаа аливаа бүхнийг хүчээр урсгал руу татаж оруулах үүрэгтэй гэсэн үг. Энэ санааг хэгжүүлэхийн тулд ард түмний хувийн цахим мэдээллийг цуглуулахаас авхуулаад сүүлийн жилүүдэд үндэсний өөртөө засах нутагт боловсролын тогтолцоог өөрчлөх зэрэг хоорондоо холбоогүй мэт олон төрлийн бодлогыг хэрэгжүүлдэг. Ийнхүү эрх мэдлийн урсгал бүрийг Бээжин рүү хүчээр чиглүүлж авснаар эрх баригчид үндэстний өвөрмөц байдлыг Делеузийн аргаар удирдлага гэж болно.

    Энэхүү бодлого нь анх Төвөд, Шиньжаанд л хэрэгжиж байсан бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд Өвөр монголчуудад шууд болон шууд бусаар нөлөөлж эхлэв (мөн бусад үндэстэн ястан руу бас чиглэж байсан). Төвөд, Шинжаан дахь үндэстний тэмцэл нь бодлогод тодорхой эсэргүүцэл үзүүлсний хариуд тэндэх ард түмэн өнөөдөр Ж.Орвеллийн дистопияд амьдарч байгаа. Бээжингийн зүгээс бүх шийдвэрийг доод шат руу шахдаг тогтолцоонд үнэдсний бодлогыг боловсруулдаг тул төвийн эрх баригчид хэзээ ч үндэс угсааны тухай үнэн зөв мэдээлэлтэй байдаггүй тул бодлогыг ямар нэгэн үндэстний өнгөрсөн түүх, одоо байгаа байдал дээр үндэслэдэггүй юм. Тэгэхээр Монгол судлалын талаар мэдлэгтэй, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор Өвөр Монголын байдлыг бодлого боловсруулах хэмжээнд онт судлаагүй юм. Энэ тогтолцооны үр дүн бол нийтээр хятадчилж, хятаджуулах замтай үл нийцэж болзошгүй бүх соёлын тогтодлцоог нийтээр нь устгахад хүрч байна.

    Монгол хэлний байдал болон цаг үетэй зэрэгцэх асуудал

    Хүмүүсийн эгдүүцлийг өдөөж байгаа нэг зүйл бол дээр дурьдсанчлан дунд сургууль төгссөн Өвөрмонгол хүүхдүүдийг хятад хэл дээр харилцаж чадахгүй байна гэсэн яриа юм. Ер нь ийм хүүхэд хаана байна? Аль ч өвөр монгол хүүхдийн хятад хэлний түвшин БНХАУ-д сурч байгаа гадаад докторант аспирантуудаас илүү л байна уу гэхээс хэзээ ч дутуу байдаггүй. Гадаад оюутнууд HSK-4 түвшинд хятад хэлийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг бол өвөр монгол сурагчид бараг HSK-6-аас доош түвшинтэй байдаггүй. Гэтэл дээр дурдсанчлан өвөр монгол хүүхэд залуучуудын монгол хэлний түвшин үнэхээр өндөр түвшинд хүрэхэд маш их бэрхшээлтэй байгаа билээ. Хэдийгээр монгол бичиг нь зөвхөн БНХАУ-ын хилийн дотор л ашиглагдаж байгаа ч аль ч хэмжээнд асуудалгүй хөгжиж байгаа, орчин үетэй мөр зэрэгцэж орших чадвартай нь энэ нутгаас тодорсон мянга мянган эрдэм шинжилгээний болон уран зохиолын бүтээлээс авхуулаад монгол бичиг дээрхи компьютерийн программууд хүртэл харуулж байна. Энэ дашрамж хэлэхэд Өвөр Монголын их сургуульд Монгол улсад хүртэл байхгүй чиглэлээр докторант бэлтгэх ангиуд байдаг нь дэлхийд өвөрмөц зүйл мөн. Хятадын хөгжсөн гэгдэх газруудад түгээмэл байдаг Өвөр Монголыг, тэр тусмаа монгол хэл болон монголчуудыг “хоцрогдмол” гэж доромжлох үзэл суртлыг шууд няцаах бодит баримт энэ мэт тоо томшгүй байдаг. Хэдийгээр хүүхэд залуучуудын монгол хэлний мэдлэгийг ахмад үеийнхэндээ гологдож шүүмжлэгддэг боловч монгол хэл бичиг нь Өвөр Монголын нийгэмд гүн гүнзгий үндэс суурьтай бөгөөд Монголын нийт уламжлал түүхтэй холбох холбоос болдог юм. Энэ бүхэнд аюул нүүрлүүлэх эмзэг цаг үе өнөөдөр бидэнд тулгарч ирлээ.

    Хичээлийн хуваарь

    Сургуулийн хичээлийн хуваарийн тухайд гэвэл Баруун Сөнөд хошууны монгол анхан дунд сургуулийг авч үзье. Өнөөг хүртэл зөвхөн хятад хэлний хичээлийг л хятад хэл дээр, өдөр бүр 45 минутын хугацаанд заасаар ирсэн. (Энэ хэмжээ нь монгол хэл, тоо, англи хэлийн хичээл тус бүр орох хугацаатай яг тэнцүү юм. Ахлах дунд сургуулийг төгсөх жилд эдгээрийг голдуу хоёр дахин нэмж, тус бүр 1 цаг 30 минутын хугацаатай заадаг.) Бүх хичээл заах хэлийг харгалзахгүйгээр БНХАУ-ын хэмжээнд стандартжуулан боловсруулсан хөтөлбөрийг дагадаг бөгөөд энэ хошууны бүх сурагч (ихэнхидээ малчин айлын хүүхдүүд) сургууль төгсөх үед хятад хэлийг бүрэн эзэмшдэг. Энэ хошууны хүн ам нь ойролцоогоор 90 000 бөгөөд үүнээс монголчууд 62 хувийг эзэлдэг хэдий ч хошууны төв Сайханы хүн амын 20 хувьд ч хүрдэггүй юм. Энэ хошууг Өвөр Монгол дотроо харьцангуй уламжлалаа хадгалсан газар нутаг гэж үздэг ч эндэх монгол сурагчид хятад үе тэнгийнхэнтэйгээ харилцахад хэлний асуудал огт байдаггүй. Сөнөд Баруун хошууны Сайханд байрлах Монгол Сургуулийн төгсөгчдийн дундаж оноо нь (Их дээд сургуульд элсэх шалгалтны) тус хотын хятад төгсөгчдийнхөөс өндөр байдгаар барахгүй монгол сурагчид хятад хэл дээр шалгалт өгч Циньхуа гэх мэт БНХАУ-ын элит их сургуулиудад хүртэл элсэж байсан. Үүгээр барахгүй хоёр хэлийг бүрэн эзэмшсэн өвөр монгол хүүхдүүд нь гуравдахь хэлийг хүртэл зөвхөн хятад хэлтэй хүүхдүүдээс илүү сайн эзэмшдэг байна.

    Өнөөгийн эсэргүүцлийг өдөөж байгаа энэ хос-хэлний бодлого нь улс төр, түүх гэх зэрэг хичээлүүдийн хамт монгол хэлийг хүртэл хятад хэл дээр заах юм гэнэ (хятад бичиг нь авиа зүйнд суурилдаггүй тул үүнийг яаж хэрэгжүүлэх нь ойлгомжгүй зүйл юм). Ирэх хоёр жилийн турш энэ нь аяндаа бүх хичээлийг хамрах бөгөөд эцэстээ (2022 он гэхэд) хятад хэлийг өндөр түвшинд эзэмшсэн багш нарын гар дор хятад сурах бичигтэй болох юм байна.

    Наймдугаар сарын 28-нд шинэ нэгдүгээр ангийн сурах бичгийн эхний хуудсуудын зургийг сошиал дээр хуваалцаж эхэлсэн бөгөөд үүний эхний бүлэг нь “Эх орноо хайрлацгаая” гэсэн гарчигтай бөгөөд үүний дэргэд Тянаньмэн талбай болон БНХАУ-ын далбааны зургийг оруулсан байна. Үсэг бичиг сурахаас ч өмнө ийм хичээл орох юм. Энэ бол өвөр монголчуудын дундаас Монгол соёлын хүрээн дэх сэдвээр дагнах эрдэм шинжилгээний хүн бэлтэх боломжийг асар их боогдуулахаас гадна монгол хэлний ирээдүйн хөгжилд нөлөөлөх чадварыг эрсдүүлнэ гэсэн үг. Монгол хэлийг гадаад хэлний хичээл болох англи хэлтэй тэнцэх цагаар буюу өдөрт ганцхан цаг заах юм байна.

    Өвөр Монгол дахь боловсролын түүх

    Монголчууд бол овог аймгуудаас бүрэлдсэн түүхтэй үндэстэн бөгөөд саяхан болтол энэ бүрэлдэхүүн нь нүүлэлчин ард түмэндээ зохион байгуулалттай боловсролын системийг тогтмол олгож байгаагүй билээ. Монгол хэл дээрхи боловсролыг Чин гүрний үед сүм хийдүүд олгож байсан хэдий ч энэ нь тогтвортой сургалтын хөтөлбөрийн хэмжээнд хүртэл хөгжөөгүй. Ийм учраас хэл аялгуу бол орон нутагтаа хязгаарлагдсан үзэгдэл байсан гэсэн үг. Хорьдугаар зууны туршид Өвөр Монголд хот суурин бүтээн байгуулах явцад боловсролыг дэмжих хуулийн хүрээнд том жижиг суурин газруудад ард түмэнд зориулсан сургуулиудтай болсон ч хөдөө орон нутагт нөлөөлөхгүй байсан юм. 1980-аад он хүртэл монгол сурагч нар (голдуу хөдөө орон нутагт) бага сургуулиас цааш боловсролоо үргэлжлүүлэн гүйцээх нь ховор үзэгдэл байсан. Жишээлбэл Баруун Сөнөдийн ихэнхи малчид бага сургуулиа дүүргэсэн даруй Баруун Сөнөдийн Монгол дунд сургуульд (1975 онд байгуулагдсан) орохгүй байхаар шийдэж, нутаг буцаж мал аж ахуй эрхэлдэг байсан. Үүний улмаас ихэнхи монгол ахмад настангууд (голдуу малчдын дунд) хятадаар ярьж, бичих чадваргүй байгаа. 1990-ээд он гэхэд (Дэнг СяоПингний “Хятадыг нээх” бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт ихссэнийг дагаж) анх болон ахлах дунд сургуулиуд хаа сайгүй байгуулагдаж, хамгийн алслагдсан сум гацаанд хүртэл сургууль дүүргэх хатуу шаардлагыг тавьж эхэлсэн. Энэ үед монгол хэл дээр заах чадвартай олон багш нар бэлтгэгдсэн бөгөөд одоог хүртэл монгол хэл дээр суурилсан мэргэжил олгох Өвөр Монголын Багшийн Их Сургууль зэрэг их дээд сургуулиуд бас үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Өнөөдөр хошуу бүрт дор хаяж нэг бүрэн дунд сургууль байгаа бөгөөд Монгол хэл дээр бэлтгэгдсэн улсын стандартыг яс дагасан сурах бичгүүдийг хэрэглэдэг. Тэр байтугай сүүлийн жилүүдэд хятад эцэг эхчүүд хүртэл хүүхдээ монгол сургуульд бүртгүүлэх тохиолдол ихэссэн гэдэг (эдгээр эцэг эхчүүд үр хүүхдээ хоёр хэлтэй өсгөх хүсэлтэй байдаг юм байна).

    Монгол сургуулийн асуудал

    Монгол сургуулийн өргөжилт бас олон асуудлыг дагуулж ирсэн юм. Дунд сургууль дүүргэж их дээд сургууль орохыг эрмэлзсэн монгол оюутны дундаас намын гишүүдийг их хэмжээгээр элсүүлэх хөдөлгөөн өрнөсөн бөгөөд Хөххотын Залуучуудын намын сургууль гэх мэтийн боловсролын байгууллагууд үүсч ирээдүйн намын кадруудыг их хэмжээгээр бэлтгэж байжээ. Төрөөс малчдыг нэн ялангуяа ийм сургуулиудад ороход хүчтэй дэмжлэг үзүүлж, хошууны төвөөс гадна төрөл бүрийн сургууль, сургалтын төвүүдийг байрлуулсан. Ингээд бэлтгэгдсэн монгол кадрууд орон нутаг даяар улам социалист, мөн улам хятад-төвтэй арга замуудыг сурталчлах аянд илгээгдэх болжээ (тэд эдгээр бодлогын бүрэн цар хүрээг олж харах аргагүй байсан хэдий ч зарим нэгэн, хос-хэлний сургалт мэтийн бодлогыг дэмжихээс татгалзаж байсан байна). Үүний гол үр дүн бол Өвөр Монгол дахь сургууль бүрт захирлыг хянах үүрэгтэй намын кадрууд байршуулсан хэрэг мөн. Сургуулийн Намын хорооны дарга нь сургуулийн захирлаас хол илүү эрх мэдэлтэй гэж хүмүүс олонтаа ярьдаг. Намын хорооноос боловсролыг хятаджуулах шахалтыг 90-ээд оноос хойш тасралтгүй хийж байгаа бөгөөд энэ нь заах материалаас гадна, өглөө бүр хүүхдүүдийг үндэсний үзэлтэй дуу дуулуулах, Хятадын тугийг мандуулах ёслол үйлдэх, гэх зэрэг бусад үйл ажиллагаа багтдаг. Мөн 2017 оноос эхэлж намын кадрууд ангид сууж багш нарын ажлыг шууд хянаж эхэлсэн бөгөөд өнөөдөр ангийн танхим бүрт хоёр хяналтын камер суурилуулсан байгаа ажээ. Ингэснээр өргөжиж буй монгол сургуулийн системийг хятад-төвтэй үзэл суртлыг зэрэг өргөжүүлэх боловсон хүчин төвийн захиргаан дор оруулсан болой.

    Үүнээс гадна хэл аялгууны асуудал бас нилээд гарсан байна. 1990-ээд оны үед эдийн засгийн огцом өсөлтийг дагаж сургуулиудыг байгуулж өргөжүүлэх үед олонтаа Хөххот болон Тунляод мэргэжил эзэмшсэн багш нар орон даяар тархсан юм. Шилийн Голын зарим сургуулиудын багш нарын талаас илүү хувь нь зүүн монголын Тунляо болон Улаанхадаас гаралтай хүмүүс байсан нь энэ нутагт ямар аялгуугаар хичээл заах, тэдгээр багш нар нь үнэхээр монгол мөн эсэх тухай багагүй яригдсан гэдэг. 2017 он гэхэд Шилийн Голын ихэнхи бага, дунд, дээд сургуулийн удирдлагын шатны орон тоонд “илүү хятаджсан” гэж тооцогддог Хорчин нутгийнхныг байрлуулсан байна.

    Арваад оноос эхэлж сургуулиуд намын стандартыг илүү нягт дагах болж, хичээлийн агуулгыг улам бүр багш нарын мэдлээс холдуулж байна. Жишээлбэл, 2013 оноос өмнө монгол анхан-дунд сургуулийн багш нар (сургалтын хөтөлбөрөөс гадна) өөрсдийн ангидаа Монголын түүх гэх зэрэг сэдвийг заах нь түгээмэл байсан бол 2017 он гэхэд үүнийг бүрэн хориглосон явдлыг дурдаж болно. Мөн 2016 онд Боловсролын яамнаас бүх сургуулийг (бага сургуулиас авхуулаад их сургууль хүртэл) хамарсан тогтоол гарч, Барууны болон бусад “тэсрэг” гэж хэлж болох бүх ойлголтыг сургуулийн заах материалаас хасах зарлиг буужээ. Харин үүнийг яаж хэрэгжүүлэхийг сургууль тус бүрийн удирдах ажилтнууд шийдсэн гэдэг. Зарим сургуулиуд энэ зарлигийг бараг огт хэрэгжүүлээгүй байхад зарим нь бүх сурах бичиг болон номын сангаа бүхэлд нь өөрчилсөн байна.

    Хэдийгээр сургуулиудад иймэрхүү асуудал тулгардаг ч үндсэндээ ихэнхи нутгийн монголчууд монгол сургуультай байдагтаа талархаж, хүүхдээ монгол сургуульд элсүүлэх хүсэлтэй байдаг билээ. Гэтэл энэ хүсэл нь тэр болгон биелэх аргагүй байдаг нь сурагчийн орон тоо хязгаартай, мөн монгол сургуульд санхүүгийн дэмжлэгийг харьцангүй бага өгдгөөс шалтгаалдаг. Тухайлбал, 2000-аад оны эхээр хөдөөгийн зарим монгол сургуулийн орон тоо дүүрч, олон хүүхдүүд маш хол газарт дотуур байранд суух эсвэл хятад сургуульд орох сонголттой үлдэж байсан тул монголчууд сургуулийн орон тоог нэмэхийг шаардсан байдаг. Энэ байдал нь Шилийн хотод (Шилийн Гол аймгийн төв) маш илэрхий байсан юм. Шилийн хотын хятад дунд сургууль нь хавьгүй илүү санхүүжилттэй байдаг нь тэдний байр байшин, эд хэрэглэл, сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээнээс нь харагдаж байтал монгол дунд сургууль нь орох хүсэлтэй хүүхдүүдийг бүгдийг авах хэмжээний орон тоо үүсгэх боломжгүй байсан гэдэг. 2015 онд Шилийн хотын хятад дунд сургуулийн 25 хувь сурагчид нь монгол хүүхдүүд байсан гэдэг ч энэ тухай тодорхой тоо баримт нь мэдрэмтгий зүйл мөн тул олон нийтэд нээлттэй биш юм. Зарим багш нар өөрсдийн нутгийн монгол хүүхдүүдийн 50 хувь нь монгол сургуульд сурдаг гэж хэлдэг бол Шилийн Голын зарим нэгэн газарт, жишээлбэл тус аймгийн урд хэсэг байрлах Хөвөөт Шар хошууны Шинэбулагийн нэг багш энэ тоог 80 хувь гэж барагцаалахын сацуу “эцэг эхчүүд хүүхдээ хятад сургуульд өгч зүрхлэхгүй” гэж хошигносон гэдэг. Үүнээс гадна Хөххотын зарим хятад сургуульд мөн монгол хэл огт мэдэхгүй монгол хүүхдүүд цөөн тоогоор элсдэг гэдэг.

    Хятад хэл…?

    Монгол хэлийг хэрхэвч Хятад хэлний аялгуу гэж хэлэх аргагүй. Хятад хэлээс огт ангид гарвал үүсэлтэй энэ хэлийг Хятадын эрх баригчид хичнээн эзэмшихийг оролдовч энэ хэлний зарчимыг ойлгохгүйгээр гадны хүч хөгжлийг нь удирдах аргагүй юм. Өвөр Монголын анхан болон ахлах дунд сургуулийн сурагчид хэдийнээс хятад, монгол хэлийн хичээлийг эн тэнцүү цагаар сонсож байгаа. Аль хэлийг сурч байгаадаа илүү талархдаг нь сурагчийн хувийн асуудал, гэвч өөрсдийн хэлээр хичээллэх бол аль ч үндэстний хамгийн үндсэн эрх мөн. Хүүхдүүдээ зөвхөн хятад хэл дээр хүмүүжүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдэд хангалттай хятад сургуулийн сонголтууд байгаа тул монгол сургуулиас монгол хэлийг хасах ямар ч шаардлага байхгүй.

     Өвөр Монгол дахь монгол уламжлал

    Өвөр Монголд уламжлалт монгол зан үйл устсан гэж хэлж болохгүй. Өнөөдөр нүүдлийн мал аж ахуй нь Өвөр Монгол даяар бараг устсан нь үнэн боловч суурин мал маллаж байгаа хүмүүс олон бий. Залуучуудын дунд хүртэл уламжлалт амьдралтай өссөн хүмүүс маш олон. Газрыг тодорхой хуваах бодлого 1997 онд дөнгөж хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хэд хэдэн жилийн дараа төмөр хашаа хөдөө нутгаар харагдаж эхэлсэн тул үүнээс өмнө төрж өссөн бүх хүмүүс уламжлалт мал аж ахуй, арга барилыг өвлөж ирсэн билээ. Гэтэл нүүдэлчин амьдрал боловролд сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд малчид хүүхдүүдээ дотуур байртай сургуульд явуулахын зэрэгцээ уламжлалт амьдралаа өвлүүлж өгөх боломжтой байсан юм. Хот суурин газруудад монголчууд ажил амьдралдаа хятад хэлийг голдуу хэрэглэдэг ч монгол хэлээр ярих цаг багагүй гардаг. Жишээлбэл хятадаар ярих байгууллагын ажилтан өдрийн хоолны цагаар хот суурин бүрт эрбэл олдох монгол ресторанд орж монголчуудтай харьцаж, мөн монгол хөгжим урлагийн арга хэмжээнд очих боломж үргэлж байдаг.

    Тэр байтугай хот суурингууд зарим талаар монгол соёлын төв нь болж байгааг үгүйсгэх аргагүй. Алслагдсан нутгийн малчид ч хүүхдүүдээ хот суурин газарт өндөр боловсрол олохыг дэмждэг төдийгүй эдгээр их дээд сургуулиудад монгол амьдрал ахуйгаас шалтгаалах олон мэргэжил олгож байгаа. Тухайлбал, Өвөр Монголын Хөдөө аж ахуйн  их сургуульд тал нутгийн эдийн засгийн хөгжил, бэлчээрийн алдагдлын менежмэнт, мал эмнэлэг, уламжлалт монгол эмнэлэг гэх мэт олон мэргэжлийг бүх түвшинд олгож байгаа билээ. Залуу малчид энэ мэт боловсрол эзэмшээд нутагтаа буцаж мал маллахад сэтгэл дүүрэн байдаг бөгөөд гэр бүл хамт олны дунд нэр хүндтэй явдаг. Мөн хот суурин газарт монгол хэл соёлоос салшгүй дуу хөгжим, яруу найраг, бүжиг гэх зэрэг урлагийн чиглэлээр их хэмжээний монгол хүүхэд залуучууд мэргэжил эзэмшиж монгол соёлын өвийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлал гэх мэтийн ӨЗО-ны чухалчилдаг салбарт ажлын амжилтыг олж байгаа.

    Хүн амын асуудал дээр

    Өвөр монголчууд хэдийгээр өөрсдийн орныхоо хүн амын ердөө 17 хувийг л эзлэж байгаа нь маш өчүүхэн тоо шиг харагдаж байгаа боловч энэ бол буруу ойлголт. Ийм ойлголт нь заримдаа “нутагтаа дийлэнхи нь байж чадахгүй үндэстэн хайлагдаж устахаас өөр арга замгүй” гэх мэт санааг дагалддаг. Гэтэл Өвөр Монголын зарим нэгэн монголчуудын төвлөрч суурьшсан Тунляо гэх зэрэг нутагт хүн амын 80-аас дээш хувь нь монголчууд байдаг. Мөн малчин нутгаас Баруун болон Зүүн Үзэмчин нутагт хүн амын 70-аас дээш хувь нь монгол юм. Хэдийгээр хот суурин газарт хятадууд хүн амын ихэнхийг эзэлж байгаа боловч энэ тоо нь сүүлийн үед огцом өссөний үр дүн юм. (1952 онд Өвөр Монголд 5 сая хятад хүн байсан бол 2011 онд 20 сая гэж тоологджээ.) Энэ дашрамд хэлэхэд эдгээр тоо баримт нь бүгд асуудалтай юм. Мэдээж ихэнх монголчуудын хувьд монгол угсаатай хэрнээ монголоор ярьдаг хүнийг монгол гэж тодорхойлох хэдий ч монгол хэлээ алдаж эхэлсэн хот суурин газрын айлууд цөөнгүй байгаа. Гэтэл эсэргээрээ БНХАУ-д цөөхөн тоот үндэстэн хүмүүст сургуулийн оноо гэх мэт зарим нэгэн тал дээр давуу тал үзүүлдэг тул янз бүрийн аргаар хүүхдээ монгол болгож бүртгэсэн хятад эцэг эхчүүд бас цөөнгүй. Тэгэхлээр энэ бүртгэл дээр үндэслэж зарласан хүн амын тооллого нь нэг бодлын монголчуудын тоог хэт ихэсгэж байгаа мэт боловч зарим хүмүүс харин хүн амын тоог дарж байна гэж үздэг ажээ. Жишээлбэл зарим нэгэн аймаг сумын монгол хүн амын тоо нь 1950-аад оноос хойш өөрчдөгдөөгүй гэж тоологддог аж.

    Гэхдээ эцсийн эцэст хүн амын эзлэх хувь бага боллоо гээд өөрсдийн хэл соёлыг хамгаалах эрхгүй болно гэсэн зүйл байхгүй. Жишээ болгож дурдахад Их Британий 66 сая хүн амын хоёрхон сая нь уэлс үндэстэн байдаг хэдий ч тэдний хэл соёлоо бүрэн бүтэн авч үлдэх бүх үйл ажиллагааг төр засгаас нь дэмжиж өнөөг хүртэл үндэсний өвөрмөц байдлаа алдаагүй байгаа билээ.

    Иймээс Өвөр Монголд монгол хэл соёл устах тавилангүй бөгөөд харин ч хамгаалагдах ёстой юм. Монгол хэл дээр хүмүүжил хүртсэн олон урлаг уран сайханы ажилтан буюу “одод” байдаг нь зөвхөн Өвөр Монголчуудын анхаарлын дунд бус, зарим нь Хятад даяар, бүр цаашлаад дэлхий дахинд алдаршиж байна.

     

    Сүвээдэй (Хөххот)

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хоёр үзүүртэй зүү шиг өвөр монголчуудад юун ч их хайр зарлаад бдаг юм. Угаасаа хятдаасаа дор заваан хүмүүс шд. Хятад явж байхдаа ар өвөр ахан дүүс гэж солиорч бгаад хэдэн монголчуудыг луйвардаж эрэмдэг болгодог нь өвөр монголчууд шүү. Хятадаасаа дор балиар хүмүүст босоо бичиг гоёдно. 

    • Serikzhan Bilash

    • Өвөр монголчууд гэж ярьдаг ч монгол шдээ монголд авчирч болдоггүймуу Хэдий эсэргүүцэж байгаа хэдийч  бага багаар хятад болох замнал нь эхлэхээс хойш монголд хайртай хүмүүсээ монголдоо л авах юмсан

    • МОНГОЛ ДАХЬ ХЯТАДЫН ЭЛЧИНГИЙН ГАДАА БАЙГАА ЗУРГУУД БОЛОН ХАЯГУУД НЬ ХЯТАД БОЛОН АНГЛИ ХЭЛ ДЭЭР БАЙДАГ БОЛООД УДАЖ БАЙНА.ОЧООД  ҮЗЭЭРЭЙ.

    • Ар Монгол нь ажиглаал сууж байдаг. Арчаагүй байнаа бид нар.Монголоор яриж, Монгол бичгээр бичдэг хэл соёл нэгтэй Монголын тасархай нь Хятадын уусган нэгтэх бодлого дор тарчилж байхад Манай Улсын ЗГ, ГХЯ, Соёлын яам нь ХЯТАД гүрний халаасанд ороод живчихсэн мэт таг дуугүй байна.Гэтэл бусад орны зарим иргэд биднээс илүү санаа зовж Хонконг, Уйгарын араас орлоо гэж дуу алдаж байна.Ар Монгол нь арай ажиглаал сууж байгаа биш биз дээ гэж гайхаж байна.Бид бол Чингисийн Монгол гэж чээжээ дэлдэх цаг одоо л ирчээд байна.Эс бол Чингисийн Монгол бол биш Чичирсэн Монгол гэж дуудуул. 

    Холбоотой мэдээ