• Г.Сансар:Жирэмсэн ээж хяналтандаа эрт орвол хүүхэд эрүүл төрөх бүрэн боломжтой

    2020-08-31

    ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн эмч нар эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх цуврал зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Энэ удаа жирэмсний хяналтад цагтаа орсноор эх болон хүүхдэд ямар ач холбогдолтой талаарх мэдээллийг ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлинкийн их эмч Г.Сансар өглөө.

    Жирэмсэн ээжүүд жирэмсний 12 долоо хоногтоо багтан өөрийн харъяа өрх, сум, баг, дүүргийн жирэмсний хяналтын эмчид заавал хяналтад орох ёстой. Жирэмсний хяналтандаа цагтаа орох нь хүүхэд эрүүл төрөхөд нөлөөлөгч гол хүчин зүйл болохыг Г.Сансар эмч онцолж байлаа.

    Жирийн жирэмслэлтэй жирэмсэн эх жирэмсний явцад эмчийн үзлэгт найман удаа ордог байна. Үзлэг болгон өөрийн гэсэн чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, жирэмсний эхний гурван сард найман төрлийн шинжилгээ хийдэг байна. Шинжилгээ бүрийн ач холбогдлыг авч үзбээс:

    • Цусны ерөнхий шинжилгээр жирэмсэн эх цус багадалттай, төрөл бүрийн үрэвсэлтэй эсэхийг
    • Шээсний шинжилгээгээр бөөрний үрэвсэлтэй, нян тээж байгаа эсэхийг /Хэрвээ ээж бөөрний архаг эмгэгтэй, далд хэлбэрийн нян тээж байгаа бол ураг орчмын шингэн эрт гарах, дутуу төрөх эрсдэлтэй/
    • Биохимийн шинжилгээгээр бөөрний дутагдал, элэгний өөрчлөлт байгаа эсэх, биеийг хордуулж буй шээсний үлдэгдэл биеэр эргэлдэж байгаа эсэх,
    • Ийлдсийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих халдвартай эсэх
    • Ургийн ЭХО оношилгоогоор хүүхдийн өсөлт, хөгжилтийг шалгах
    • 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд хромосын тооны өөрчлөлт илэрч байгаа эсэх, хүүхэд хромосомын тооны өөрчлөлттэй эсэх
    • Рентген шинжилгээгээр жирэмсэн эх амьсгалын замын эмгэгтэй, ясны системийн өөрчлөлттэй, хавчиг аарцагтай эсэх/Тусгай заалтаар хийгддэг/-ийг эрт илрүүлэх ач холбогдолтой.

    Харин жирэмсний хүндрэлтэй ээжийн хувьд жирэмсний үедээ наймаас дээш удаа буюу үзлэгт орох давтамж нь ойртдог байна.

    Жирэмсэн ээж хяналтанд орсноор дараахь ач холбогдолтой:

    • Төрөх хугацаагаа төлөвлөх
    • Жирэмсний өмнөх болон дараахь амралтыг зөв тогтоож авах
    • Төрөлтөд хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл болох/жирэмсний үеийн хооллолт, гэр бүлийн гишүүдийн анхаарах зүйлс гэх мэт/
    • Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзлэг орно/Жирэмсэн эхийн бие дэх эмгийг илрүүлнэ/
    • Хэрвээ жирэмсэн эх эрхтэн тогтолцооны архаг эмгэгтэй бол тээлгэх эсэх асуудлыг эмч нарын зөвлөгөөнөөр оруулж шийдүүлэх
    • Ургийн өсөлт хөгжлийн талаар мэдэж авах /Тухайлбал, 12 долоо хоногтойд хромосомын илрүүлэг, 27 долоо хоногтойд ургийн анотамын бүтэц, 28 долоо хоногтойд араг, яс булчингийн системийн хөгжлийг нь тус тус шинжилдэг/

    Мөн жирэмсэн ээжид бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэх шинжилгээг:

    • Жирэмсний хяналтад анх орох үед нь
    • Хэрвээ жирэмсний хяналтандаа 12 долоо хоногтоо амжиж ороогүй бол 28 дахь долоо хоногтойд нь
    • Үр хөндөлт болон ямар нэгэн ажилбарт орохоос өмнө
    • 13-27 дахь долоо хоногт ураг шалтгаагүйгээр зулбаж байсан, 22 долоо хоногоос хойш ураг нь амьгүй болж байсан өгүүлэмжтэй тохиолдлуудад хийдэг байна.

    Жирэмсэн эх тэмбүүгийн халдвартай байсан ч  жирэмсний хяналтандаа цагтаа буюу 12 долоо хоногоосоо өмнө орсноор хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрөхөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.

    Хяналтандаа орохгүй эсвэл хэт оройтож орсноос хүүхэд төрөлхийн тэмбүүгийн халдвартай төрж, улмаар жин багатай, өсөлтийн хоцрогдолтой, арьсны идээт тууралттай, цаашдаа элэгний дутагдалд орох эрсдэлтэй байдаг байна.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ