• Замын эвдрэлээс болж хагарсан дугуйгаа улсаар төлүүлжээ

    2020-08-28

    Зургаан сар гарч өвөлжин коронадсон түгшүүрт өвлөөс зулраад хайртай бүхнээ аваад хотоос 300 км хүрэхгүй газарт өмнийг зорив. Зам гэж там. Машинаа эвдэхгүйн тулд нүх сүвийг тойрон, замаа аргадаж явлаа. Засмал замын эвдрэл шороон замаас хортой байдаг даа. Нэг дугуй хагарлаа. За яахав гээд запасаа тавив. Хэсэг явж байгаад дахиад нэг дугуй. Нэг бүрийг нь 500 мянгаар авсан юмсан. Хоёр дугуй хажуу бөөрөөрөө язарсан байгаа юм. Бодохнээ замын нүх тойрч шороон зам руу нэг дугуй гараад, буцаад зам руу орохдоо асфалтан замын ирмэгт зүсэгдсэн аж. Мэдэхгүй хэсэг явсан болохоор дугуй гишгэгдэж дахин ашиглах боломжгүй болжээ. Ийнхүү зорьсон газраа хүрч чадалгүй хоёр дугуйгаар хээр сууж нэг хонон улмаар бөөн юм болж өөр аймгаас найзынхаа машины хоёр дугуйг зорчигч тээврийн автобусанд дайлган ам тосчаваад хот оров.

    Нэгийн зэргийн дугуй дүүрч гэхэд хоёрын хоёр дугуй хайран санагдаж төрөөс хариуцлага нэхье гэж шийдээд шүүхэд хандахаар болсон юм. Ингэж дугуйныхаа үнийг нэхэх үндэслэл нь маш энгийн. Углуургаар нь ярьвал, би алхам тутамдаа татвар улсад төлж байгаа, дээр нь 1992 оны Үндсэн хуулиар өөрийн эрхээсээ заримыг нь тасдан УИХ-ын гишүүдэд өгсөн. Миний өгсөн татвар, эрх хоёроор төр миний, таны төлөө ажиллах ёстой үйлчлэгч юм. Хүний юмыг авсан хүн, эргээд хариу барих ёстой гэдэгчлэн авсан татварынхаа хариуд аюулгүй замаар биднийг хангах үүрэгтэй. Үүнийг Джон Роулсын “нийгмийн гэрээний онол” гэдэг. Төрийн эх үндэс нь энэ нутагт, энэ хил дотор, энэ улсад амьдран буй иргэд бид бүхэн юм. Би машинаараа явсан ч яваагүй ч, зам муухай байсан, гоё байсан ч хуулийн дагуу хүчээр зам ашигласны татвар, хураамж төлдөг. Гуанзанд ороод муудсан хоол байсан ч өлсөхгүйн тулд худалдаж авч идэж байгаатай адил юмуу даа.

    Хуулийн зүйл заалт ярьвал, Автозамын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д яам нь “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцлийг хангуулах”, 35.2-т “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” гэж заасан байдаг.

    За ингээд би үйлчлэгчээсээ хоёр дугуйныхаа мөнгийг шүүхийн журмаар нэхлээ. Постоор орж гарсан замын баримт, замд миний дугуйг солилцсон замын машины жолоочийн тайлбар, хоёр дугуй авчирч буулгасан шуудангийн автобусны дугаар, жолоочийн утасны дугаар, хотод ирээд шинэ дугуй худалдаж авсан газрын мэдээлэл, хагарсан хоёр дугуй, гэрчийн тайлбар гээд бүхий л баримтаа дурдаад, баримтжуулаад хоёр дугуйгаа үнэлээд мөнгө нэхэв.

    Зам, тээврийн хөгжлийн яамыг хариуцагчаар татсан ба тэд дараах тайлбарыг шүүхэд өгөв. Нэгд, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахгүй яасан юм бэ, замаас болж дугуй хагарсныг чинь бид яаж мэдэх юм, хоёрт, дугуй хагарсанд манай яам буруутай болохыг шүүх тогтоогоогүй байхад биднээс мөнгө нэхдэг чинь юу билээ, гуравт, энэ замын бүрэн бүтэн байдлыг яам биш манайтай гэрээ байгуулсан компани хариуцдаг гэсэн байв. Өөрөөр хэлбэл, би яам байна тэгээд юу гэж, маргамаар байгаа бол зам засдаг компанитайгаа ярь, надад хамаагүй гээд нуруугаа харуулав. Нөгөө компанийг нь шүүх дээр авчирлаа.

    Компанийн захирал над ийн учирлав: “Таны асуудлыг ойлгож байна. Үнэхээр ийм асуудал байгаа. Учрыг танд хэлье, ойлгоно бизээ. Бид яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр орон нутгийн замын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг үнэн билээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг утаагүйжүүлэх Засгийн газрын ажлын шугамаар говиос том тэргүүд их хэмжээний нүүрс тээвэрлэдэг юм. Тэр машинуудыг энэ зам даахгүй эвдэрдэг. Замаа нөхөөд анхны байрандаа очиход ахиад цөмөрчихсөн, эвдэрчихсэн байдаг. Анхнаасаа баригдсан суурь зам нь тов оврын машиныг даахгүй байнаа, нүүрсний тээвэрт зориулсан сайн зам барихгүй бол мянга нөхөөд нэмэргүйнээ хэмээхэд яам:-тиймээ мэдэж байна, төсөвт суулгана гэдэг, яг суудаг дээрээ очихоор суудаггүй. Нүүрсийг шороогоор явуулахаар байгаль орчин, тоос шороо; нүүрс тээвэрлүүлэхгүй гэхээр хотыхон хордож үхнэ; замаа сайн болгоё гэхээр мөнгө байхгүй”хэмээв. Яам бүх галыг компани луу чихдэг аж. Бүр ингээд хуульчилсан байна. Компани хөөрхий өөрийн мөнгөөр замыг нөхөөд, дараа нь яамнаас мөнгөө авдаг байх л даа. Миний “учрыг ол” гэж яам нь үүрэгдсэн байлгүй.  Өөрөөр хэлбэл, компанийг яам хушигадсан байгаа болохоор компани яамны өмнөөс ялыг нь үүрч байгаа юм. Учир нь компанийн захирал: та нэхэмжлэлээ татчих, нэхэж байгаа мөнгөө жоохон буулгачих, хоёулаа тохиръё, хаа хаанаа асуудал байна гэсний дагуу буулт хийж 440000 төгрөг нэхснээс 300000 төгрөг аваад шүүхийн заргаа татаж авав.

    Хойшид энэ мэт заргалдах хүмүүст хандахад, замын улмаас эвдрэл гэмтэл гарсан, хохирсон болохоо тухайн агшинд нь сайтар баримтжуул. Түүнчлэн сэлбэг авсан, сольсон, засварт орсон, шинэ хуучин сэлбэг, машины арчилгаа, үйлчилгээний баримт гэх мэт бүхий л баримтыг бүрдүүлэх нь зүйтэй. Ер нь эвдрэл ихтэй замаар зорчихдоо байнгын бичлэг хийсэн нь оновчтой болов уу. Дугуй бол хохирлын ганц жишээ. Явах эд анги, хагарсан, цуурсан салхины шил гээд олон талаас нь харах нь зүйтэй болов уу.

    Монгол төрийн бодлого 4 жилийн амьтай гар утасны тоглоом шиг байх юм даа. Амь нь дуусахаар сонгуулиар биднээс амь гуйдаг. Замаа засч чадахгүй хүмүүсээр төрөө засуулахаар давтансонгодог бидний арчаагүйх. Ингэж хэлсэн анхны хүн нь би биш Достоевски шүү. Би зүгээр сэвж байгаа юм. Төр арчаагүй гэхдээ АРД ТҮМЭН илүү арчаагүй,хүлцэнгүй байна. Улс төрчид ард түмнийг шударгаар шүүмжилж чаддаггүй сонгуулиас айгаад. Одоо бид ард түмнийг ил цагаан шүүмжлэх цаг нь болсон. “Муу ардууд”, “дээрхлүүлж байхдаа таарсан арчаагүй Бүгд Найрамдах Монгол Улсын хөөрхий иргэд”. Уурлаж байна уу, тэгвэл Дамба-Очирын Лүнгийн зам, Гарамгайбаатарын гайтай Хэнтийн зам, Дархан, Өвөрхангайн зам гээд л монголын замын асуудал шийдэгддэггүй. Хамгийн дургуй хүрмээр зүйл нь замтай нэр холбогдсон хүмүүс, сайдууд, нам нь бүр л дэгжин дэвшээд байдаг явдал юм. Дөрвөн жилд ганц тохиох хариуцлага нэхэх боломжоо ашиглаж чадахгүй байгаа бол ядаж замаас болсон хохирлоо нэхэж шүүхдэцгээ! Мориндоо гэдэг шиг, Шүүхэндээ!

    Жич: нөгөө муу компаниа бодоод, цаадуул нь яах гэж тохирсон юм гэж уурлаад хяхан боогдуулах юм болуу гээд нэр усыг нь дурсангүй. Ойлгоорой!

    Хуульч Р.Мөнхзул

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Нөгөө компани хохирлоос зарим хэсгийг нь төлөхөөр тохиролцоод нэхэмжлэлээ татаж авсан гэж ойлголоо. Хэрэв шүүхээр орсон бол нотлогдохгүй л болов уу. Тэгэхээр автомашины хар хайрцагны бичлэгтэй бол шүүхэд ялах боломжтой.

    Холбоотой мэдээ