• “1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байгаа”

    2020-08-28

    “Эрдэнэс Тавантолгой” ХХК нийт хувьцаа эзэмшигчид болох 2.5 сая гаруй иргэнд ногдол ашиг олгох шийдвэрийг өнгөрсөн  оны арванхоёрдугаар сард гаргасан. Тавдугаар сарын 1-нээс эхлэн ногдол ашгийг тарааж эхлэх байсан боловч өнөө хүртэл асуудал шийдэгдээгүй.

    Тиймээс уг ажлын явц,  санхүүжилт ямар төвшинд байгаа талаар тус компанийн Тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

    -Хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас ногдол ашиг хуваарилахад шаардлагатай 179 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн  төвд бүрэн шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ 179 тэрбум нь нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөхөд хүрэлцэх мөнгө үү? 

    -Нийт 2.512.768 иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр иргэд нийтдээ 2,213,060,522  ширхэг хувьцаа эзэмшдэг. Эдгээр иргэдээс гадна 486 аж ахуйн нэгж 7.065.038 ширхэг хувьцааг эзэмшдэг. Ард иргэд болон ААН-үүдэд ногдол ашиг тараахад нийт 179,830,170,360 төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК 100% бүрэн шилжүүлсэн байгаа.

    -1072 хувьцаа нь бүрэн биш иргэд цөөнгүй байгаа. Иргэн бүр хэдэн хувьцаатай байгааг нарийвчлан тооцсон уу?

    -Татварын хуулийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг ногдохоос орлогын албан татвар 10% суутгагдаж иргэдийн гарт 81 төгрөг очно. Иргэдийн хувьцааны харилцан адилгүй тоо бүрийг тооцож, дээрх дүн буюу 179 тэрбум гэдэг тоо гарсан.  2.512.768 хүн дунд есөн ширхэг хувьцаатай ч хүн байна, 1072 хувьцаатай ч хүмүүс байна. “Сайн хувьцаа” арга хэмжээнд оролцоод 300 хувьцаагаа арилжсан хүмүүс ч байна.

    -Танайхыг  санхүүжилтаа бүрэн шилжүүлээгүйн улмаас ногдол ашиг тараах явдал хойшилж байна гэх мэдээллийг Сангийн яам болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгсөн.  Анхнаасаа санхүүжилтаа бүрэн шилжүүлж байж иргэдийн ногдол ашгийг олгох гэсэн тохиролцоонд хүрсэн юм уу?

    -“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-өөс ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс эхлэн тараах шийдвэр гарсан. Гарсан шийдвэртэй холбогдуулан гуравдугаар сараас эхлэн бэлтгэл ажлыг эхлүүлж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн  төвтэй ногдол ашиг зуучлуулан тараах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү ногдол ашгийн төлбөрийг үе шаттайгаар шилжүүлэх, харин  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв өөрт байгаа бүртгэлээрээ ард иргэдэд хувьцааны ногдол ашгийг тараах үүрэг хүлээсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Сангийн яам,  СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй олон удаагийн хамтарсан уулзалтуудыг хийсэн.  Өмнө нь 2.5 сая иргэнд ногдол ашиг тарааж байсан туршлага бидэнд байгаагүй. Мөн  иргэдийн хоёр дансаа бүртгүүлэх үйл явц удаашралтай байсан учраас үе шаттай хийх тохиролцоонд хүрсэн.

    Тавдугаар сарын 1-ний байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн албан мэдээллээр нийт 2.5 сая хүнээс 428 мянган хүн л хоёр дансаа хоёуанг нь баталгаажуулсан, ногдол ашгаа авахад бэлэн болсон байсан.

    Үе шаттайгаар буюу бүртгэл нь асуудалгүй иргэдийн ногдол ашгийг эхнээс нь шилжүүлэхээр тавдугаар сарын 5-нд эхний 60 тэрбумын санхүүжилтийг  шилжүүлсэн.

    Бидний анх хүрсэн тохиролцооны дагуу бол эхний санхүүжилтийг  шилмүүлмэгц ногдол ашгийг эхнээс нь  тараах ёстой байсан.

    Ингээд эхний санхүүжилтээ шилжүүлээд байж байтал тавдугаар сарын 15-нд 428 мянган иргэн чинь 702 мянга болсон гэсэн албан бус мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн. Хамгийн анх ирүүлсэн тоо болох 428 мянган иргэнд ногдол ашиг өгөхөд 28.9 тэрбумын санхүүжилт хэрэгтэй байсан. Дараа нь нэмэгдсэн 702 мянган иргэнд ногдол ашгийг нь тараахад 48.5 тэрбум шаардлагатай байсан. Тэгэхэд бидний шилжүүлсэн 60 тэрбум хангалттай байсан. Мөнгө байхгүйгээс болж ногдол ашиг өгөхгүй байсан гэж ойлгож болохгүй.

    -Харин ногдол ашиг тараахад шаардлагатай нийт санхүүжилт болох 179 тэрбум төгрөгийг хэзээ бүрэн шилжүүлж дууссан бэ?

    -Наймдугаар сард Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мөнгөө л бүтнээр нь өгчих, бид  тэгвэл ногдол ашгийг нь олгож эхэлнэ  гэсэн. Хэлснийх нь дагуу  наймдугаар сарын 5-нд 40 тэрбумын санхүүжилт  нэмж шилжүүлсэн.

    Дээр дурдсанчлан мөнгөө бүтнээр нь шилжүүлчих гэдэг хүсэлт манайд удаа дараа ирсэн болохоор  наймдугаар сарын 24-нд үлдсэн 79.8 тэрбумыг шилжүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь бизнесийн байгууллага, ийм их мөнгийг хэлсэн даруйд нь шилжүүлээд байх хүндрэлтэй.

    Тэр мөнгөө эргэлдүүлж байх ёстой атал тавдугаар сараас хойш  өдийг хүртэл 60 тэрбум төгрөг үр дүнгүй дансанд хэвтэж байна.

    Тэр мөнгийг эргэлдүүлж байсан бол ашиг орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

    -Тэгвэл одоо санхүүжилт нь бүрэн шийдэгдчихсэн байхад ногдол ашиг тараахгүй байх ямар шалтгаан байна вэ?

    -Тохиролцсоны дагуу бол  ногдол ашгийг тавдугаар сараас эхлэн данс нь баталгаажсан иргэддээ  түрүүлээд өгөх ёстой байсан. Тэр нь ч зөв. Иргэд эхнээсээ ногдол ашгаа аваад эхлэхээр дансаа нээлгээгүй иргэд дансаа нээлгэх, арилжааны банкны дансаа бүртгүүлэх, ногдол ашгаа авах сэдэл үүснэ. Хамгийн түрүүнд хоёр дансаа бүртгүүлж, ногдол ашгаа авахад бэлэн болсон иргэдийн ногдол ашгийг тараахад хангалттай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК тогтмол санхүүжүүлж ирсэн.

    -Аль тавдугаар сард шилжүүлсэн 60 тэрбум төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансандаа байгаа юу?

    -Байгаа. Бид тэр данс руу л шилжүүлсэн.

    -Одоогоор 2.5 сая иргэдээс хэд нь дансаа бүртгүүлж, ногдол ашиг авах болзлоо хангаад байгаа вэ?

    -Албан бус мэдээллээр наймдугаар сарын 14-ний өдөр нэг сая гаруй иргэдийн дансыг банкны данстай нь хамт баталгаажуулсан гэж байгаа. Нэг хүн дунджаар 850 ширхэг хувьцаатай байгаа. Нэг сая иргэн дансаа баталгаажуулчихсан юм бол дунджаар 850 сая ширхэг хувьцаанд ногдол ашиг олгоход бэлэн болсон гэсэн үг. 850 саяыг нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг болох 81 төгрөгөөр үржүүлэхээр 68.8 тэрбум төгрөгийн  санхүүжилт шаардлагатай болж байна. Гэтэл манайхаас наймдугаар сарын 14-ний өдөр гэхэд 68.8 тэрбум байтугай нийт 100 тэрбумын санхүүжилт  олгочихсон байсан. Санхүүжилт, мөнгөгүйгээс болж шилжүүлэхгүй байгаа гэж харагдахгүй байна.

    -Хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгөний дансаар нь, мөн дансаа нээлгэж амжаагүй бол Ebarimt аппликейшнаар ногдол ашгаа авах боломжтой гэх мэдээллүүд гарч байсан. Эдгээр мэдээллүүд хэр бодитой вэ?

    -Сангийн яамнаас ийм санал гарч, ажлын хэсэг дээр яригдсан боловч бодит ажил болж шийдвэрлэгдээгүй.

    Ногдол ашгийг нэг удаагийн, өөр сувгаар тараах нь Үнэт цаасны зах зээлийн зарчмаа зөрчсөн хэрэг болж байгаа юм.

    -Ярилцсанд баярлалаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ