• “PC тоглоомын газруудыг үе шаттай нээнэ”

    2020-08-27

    Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж байна. Ажлын хэсгийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд цахим тоглоомын газруудыг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан Засаг даргын A/930 тоот захирамжид өөрчлөлт оруулахаар болов.

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай шийдвэр 2020 оны зургаадугаар сарын 30-нд гарсан. A/930 тоот захирамж гарсан.

    Тодорхой үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, тодорхой үр дүнг нь харж байж дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон.

    “Электрон хөгжлийн холбоо” ТББ-аас хэд, хэдэн удаагийн хүсэлт ирүүлсэн. Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулсан. Видео тоглоом, цахим тоглоомын газрууд хаагдсанаар эдийн засгийн хувьд хүндрэл үүсч буй тухай тодорхой саналууд ирж байгаа.

    Засгийн газар, УИХ-аас эдийн засгийг дэмжих, хүндрэлийг даван туулахад ард иргэд, ААН, байгууллагуудаа дэмжих үүднээс соёлын байгууллага, урлагийн зарим үйлчилгээг нээж байгаа.

    Цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулан мэргэжлийн байгууллагуудаас саналыг нь авч байна.

    Цахим тоглоомын газруудыг цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэх гэж шуурхай хуралдаж байна.

    2020 оны нэгдүгээр сараас эхлэн нийт 380 орчим байгууллага, ААН-ийн үйл ажиллагаа нь хүндэрсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 250 нь л үйл ажиллагаагаа явуулах түвшинд хүрчээ.

    Ингэж эдийн засагт тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас цахим тоглоомын газруудыг дэглэмээ барьж ажиллан үе шаттайгаар нээх асуудлаар НОК-ын ажлын хэсгийн шийдвэр гаргуулна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ