• Шүүхийн хуулийг захиалгатай, дахин хонгил угсрах гэсэн хэмээн шүүмжилж буцаалаа

    УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.

    Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцээд буцаалаа.

    Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

    Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна.

    Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

    Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаагаа илэрхийлсэн.

    Гэвч УИХ-ын хуульч гишүүд болох Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар уг төслийг захиалгатай, дахин хонгил угсрах гэсэн хэмээн ширүүхэн үззмжилсэн юм.

    Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ