• “Таны өөрчилсөн Зөрчлийн тухай хуулиар монголын хүн амын тал нь торгуулчихаад байна, Х.Нямбаатар сайд аа”

    2020-08-27

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

    Хуралдааны үеэр гишүүдийн асуусан асуултад хариулах үеэрээ Хууль зүйн сайд Х.Нямбаатар ирэх аравдугаар сард эхлэх намрын чуулганаар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг түтгэлзүүлдэг байдлыг шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн зогсоох асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэнэ гэв.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Х.Нямбаатар гишүүнээ, таны энэ хуульд гараа дүрдэг явдал чинь хэрээс хэтэрч байна.

    • 2017 онд хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан.

    Үүнээс чинь болж нийт 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон, 1,500 гэмт хэрэг бид нарын дунд ял завшиж явж байгаа. Тэгсэн  тэрийгээ та засчихлаа гээд баахан шоудсан. Гэтэл өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаагаар чинь ял сэргээсэн хэргээс ял авсан хүн ганц ч байхгүй.

    • Зөрчлийн тухай хуулийг та бас л 2017 онд өөрчилсөн.

    Энүүгээр чинь Монголын иргэдийн тал буюу 1.6 сая хүн 550 орчим тэрбум төгрөгөөр торгуулчихаад байгаа. Гэтэл энийгээ бас засна гээд шоудаад яваад байдаг. Хууль өөрчилчихөөд өөрөө тэрнийгээ засна гэж улс төрийн оноо авдаг зүйлээ болих хэрэгтэй.

    • ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч нарыг солих хуулийн төслийг оруулж ирсэн.

    Одоо үүнийгээ болъё, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр сольдог нь буруу юм байна гээд ярилцлага өгөөд явж байдаг. Тэгэхээр таныг бол хууль өөрчлөх явцад хуульчийн нүдээр биш цэвэр улс төрийн нүдээр хардаг юм байна гэж хараад байна. Энэ шүүгч нар чинь эрүү, иргэний, захиргааны гээд их сургуульд сурахаасаа эхлүүлээд мэргэшдэг, чухал нарийн мэргэжил. Эрүүгийн хэргийн шүүгчийг иргэний ч юм уу, захиргааны хэргийн шүүх дээр аваачаад солиод явбал тэр гацаад байгаа хэргүүд чинь бүр тоймгүй гацна. Яагаад гэвэл нарийн мэргэшсэн шүүгч нар нь биш учраас. Тэгээд хэсэг хугацааны дараа хүмүүс шүүмжлээд эхлэхээр энийгээ засна гээд дахиад оноо аваад явах юм байна, зөв үү?

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ хуулийн төслийг Х.Нямбаатар сайд биш өмнөх хууль зүйн сайд, өмнөх Засгийн газар, өмнөх шүүгчийн үед өргөн барьсан хууль” хэмээн тодруулга хийв.

    Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад 38 гишүүн татгалзаж, 60.3 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхээс буцаав.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ